Украины зэвсэгт хүчин ОХУ-ын нутаг дэвсгэр руу Америкийн “АТАCМS” алсын тусгалын пуужингаар цохилт өглөө гэж Оросын БХЯ мягмар гарагт мэдээлэв.
Нийт зургаан баллистик пуужин Брянск мууж дахь Оросын зэвсэг хүчний объект руу довтолсон бөгөөд зенитийн пуужингийн S-400 систем, зенит-их бууны "Панцир" цогцолбор тэдгээр пуужингийн тавыг нь замд нь устгаж, нэгий нь гэмтээсэн ч хэлтэрхийн нь цэргийн байгууламжийн нутаг дэвсгэрт унажээ. Батлан хамгаалах яамны мэдээлснээр, хүний амь эрсэдсэн, эвдэрч сүйрсэн зүйл байхгүй аж.
Харин Украины Зэвсэгт хүчний жанжин штабаас "19-ний шилжих шөнө 02:30 цагийн байдлаар Брянск мужийн зорилтот бүсэд 12 удаа хоёрдогч дэлбэрэлт, тэсрэлт бүртгэгдсэн" гэж мэдэгдэв.
Ерөнхийлөгч Байдены засаг захиргаа Киевт АНУ-ын алсын тусгалын зэвсгийг ОХУ-ын нутгийн гүнд цохилт өгөх ногоон гэрэл өгснөөс хойш хоёрхон хоногийн дараа уг халдлага боллоо.
Хожим Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сэтгүүлчдийн ОХУ-ын Брянск муж дахь агуулахыг АНУ-ын алсын тусгалын пуужингаар цохисон нь үнэн үү гэсэн асуултад хариулахдаа “Киевт "алсын тусгалын зэвсэгтэй, бидэнд өөрсдийн үйлдвэрлэсэн алсын тусгалын нисгэгчгүй онгоцууд бий. Бидэнд нэг биш алсын зайны “Нептун” байна. Одоо бидэнд ATACMS байна. Бид энэ бүхнийг ашиглана” хэмээжээ.
ОХУ-ын тэргүүн Путин өнгөрсөн есдүгээр сард хийсэн мэдэгдэлдээ Оросын нутаг дэвсгэрийн гүн рүү барууны зэвсгээр цохилт өгөхийг зөвшөөрсөн шийдвэр нь "Украины дайнд НАТО-гийн орнууд, АНУ, Европын орнууд шууд оролцсон гэж үзэхээс өөр аргагүй бөгөөд мөргөлдөөний мөн чанарыг өөрчилнө гэсэн үг. Энэ тохиолдолд ОХУ " бидэнд үүсэх аюулын үндсэн дээр зохих шийдвэр гаргах болно" гэсэн юм.