Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи хүчтэй салхилж буй. Өнгөрсөн пүрэв гарагт 17.00 цагийн үед Налайх дүүргийн нутагт нэг иргэн аянгад цохиулж нас барсан мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мотоциклтой зорчиж явсан эхнэр, нөхөр хоёр аянгад цохиулснаас эхнэр нь газар дээрээ нас барсан байна. Харин нөхөр нь түлэгдэж, эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж буй аж. Мөн тус дүүргийн VI хороонд байрлах хиймэл нууранд хүн живсэн дуудлага онцгой байдлын газарт өчигдөр 14.02 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүнийг очиход 16 настай эрэгтэй усанд осолдсон байжээ. Алба хаагчид хоёр метр гүнтэй хиймэл нууранд 20 удаа шумбаж байж, цогцсыг нь олжээ.
Ташрамд дуулгахад, он гарснаас хойш усны ослоор 19 иргэн амиа алдсаны хоёр нь хүүхэд аж. Бага насны хүүхдийг гол усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх, хараа хяналтаа сайжруулахыг онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлэв.
Бэлтгэсэн Ч.Туяа