Энэ хичээлийн жилээс эхлэн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн насны, хавсарсан, хүнд хэлбэрийн, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний дагуу сургалт зохион байгуулж буй гэв. Өөрөөр хэлбэл, цэцэрлэг, сургуульд сурах боломжгүй, хүнд хэлбэрийн өвчтэй хүүхдүүдэд зориулсан сургалтын хөтөлбөрт тохируулга хийж, туршиж үзжээ. Үүнд “Энэрлийн түүчээ”, “Ээлтэй ертөнц” ТББ-ынхан дэмжлэг үзүүлсэн аж.
Боловсролын ерөнхий газар, Боловсрол судлалын үндэсний хүрээлэн, Боловсролын үнэлгээний төвийн тэгш хамруулах боловсрол хариуцсан мэргэжилтнүүд нийслэлийн ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийн Хүүхэд хөгжлийн төвийн үйл ажиллагаатай уржигдар танилцан, зөвлөн тусалжээ. “Энэрлийн түүчээ” ТББ-д сургуулийн насны 31, “Ээлтэй ертөнц”-д цэцэрлэг болон сургуулийн насны, хавсарсан болон хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 58 хүүхэд хамрагддаг юм байна. Мөн эцэг, эхийн хүсэлтээр дөрвөн сурагчийг нийслэлийн 70 дугаар сургуулийн танхимын сургалтад тодорхой хугацаанд хамруулахаар болжээ. Бусад үед нь хүүхдүүд төрийн бус байгууллагын дэмжих үйлчилгээний хөтөлбөрт хамрагдах гэнэ.
Ч.ТУЯА