Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх, эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн баг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран үндэсний байгаль орчны индекс (NEPI), түүнийг тооцох аргачлал боловсруулах ажлыг гүйцэтгэж байна. Судлаач, мэргэжилтнүүд АНУ-ын Иелийн болон Колумбын их сургуулиас боловсруулсан байгаль орчны гүйцэтгэлийн индексийн 58 үзүүлэлтийг өөрийн орны онцлог, зүй тогтолд нийцүүлэн 39 болгоод буй гэнэ.
Уг индекс нь улс орнуудын байгаль орчны бодлого, үйл ажиллагааны үр дүнг үнэлж хэмждэг гол үзүүлэлт юм. Үүнийг дээрх хоёр сургуулийн судлаачид боловсруулсан бөгөөд Дэлхийн эдийн засгийн форумаас жил болгон шинэчилж гаргадаг уламжлалтай. Манай улс 2023 онд эл индексээр 180 орноос 155 дугаар байрт эрэмбэлэгдсэн. Үндэсний хэмжээнд индекс тооцох аргачлалтай болсноор хүрээлэн буй орчны эрүүл мэндийг сайжруулах, экосистемийн амьдрах чадварыг тэтгэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад үнэтэй хувь нэмэр оруулах боломжтойг судлаачид онцлов.