УИХ-ын ээлжит сонгуулийн үйл явцын ажиглалт, мониторингийн талаар “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээнээс өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийв. Уг сүлжээг “Нээлттэй нийгэм” форумын санаачилгаар 2008 онд байгуулж, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэн ажиллаж ирсэн юм. Тэд 2008-2020 оны УИХ, 2009-2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиудад хараат бусаар хяналт тавьж, ажиглалт хийсэн туршлагатай.
Сүлжээний гишүүн “Бодлогод залуусын хяналт” ТББ нь хэсгийн хороод дахь санал хураах, дүнг нэгтгэн хяналтын тооллого хийх үйл явцыг ажиглах гэнэ. Улсын хэмжээнд 2180 хэсэг байгаагаас нийслэлд 509 нь ажиллана. Үүнээс нийслэл, 10 аймагт нийт 150 хэсгийн хороонд хараат бус 300 сайн дурын ажиглагч ажиллуулах аж. Мөн Солонгос, Япон, АНУ-д болох санал хураалтад хөндлөнгийн хяналт тавих ажлыг сайн дурынхны оролцоотой зохион байгуулахаар төлөвлөжээ. Сайн дурын ажиглагч бэлтгэх сургалтыг энэ сарын 8-наас 22-ныг дуустал явуулах гэнэ.
Сүлжээний гишүүн “Глоб интернэшнл төв” ТББ нь телевизийн сурталчилгаанд мониторинг хийж, холбогдох хууль, журмын хэрэгжилтэд хяналт тавих нь. Тодруулбал, сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүргийг сайжруулах, иргэд, сонгогчдыг үнэн, бодит мэдээлэлтэйгээр оролцоход нь хувь нэмэр оруулах, сурталчилгааны тэгш, тэнцвэрт байдал хэрхэн хангагдаж буйг олон нийтэд ойлгуулах, далд сурталчилгааг илрүүлэхэд чиглэн ажиллана. МҮОНТ, ТV9, NTV, “Ийгл ньюс”, “Mongol HD” гэсэн таван телевизийг мониторингтоо хамруулах бөгөөд Хэвлэлийн хүрээлэн, Эм Эм Си Жи компанийн 2023 оны судалгаанд суурилж, олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, үзэгчдийн тоо, рейтинг, зах зээлд дөрвөөс дээш жил оршин тогтносон зэрэг шалгуурыг үндэслэн сонгожээ.
“Бодлогод залуусын хяналт” ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Мандхайхатан “Сонгуульд өрсөлдөгч талууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн, тэгш гараанаас шударгаар өрсөлдөх боломжтой байх нь чөлөөт, шударга сонгуулийн гол зарчим. Үүнийг хангахад кампанит ажлын санхүүжилт ил тод байх нь маш чухал” гээд сонгуульд оролцож буй нийт нам, эвслийн бүх нэр дэвшигчид зардлын явцын болон эцсийн тайланг хуульд заасны дагуу ил тод тайлагнаж байгаа, эсэхэд хөндлөнгийн хяналт тавихаа онцлов. ТББ-ын зүгээс нийт нам, эвсэл, нэр дэвшигчдийн зардлын дэлгэрэнгүй тайланг хүлээн авах эрхтэй болохыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан юм.
Сүлжээний гишүүн “Сонгогчдын боловсрол төв” ТББ нь сонгуулийг угтан иргэд, олон нийтэд цахим талбар болон нийгмийн сүлжээгээр дамжуулан сонгуулийн тогтолцоо, холбогдох хууль, саналын хуудас болон тойргийн талаар мэдээлэл олгох, залуучууд, сонгогчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн кампанит ажлыг зохион байгуулж буй аж. Тухайлбал, сонгогчдыг мэдээллээр хангах “1800-2800” лавлах утас, “Сонгох өдөр” гэсэн фэйсбүүк хуудас ажиллуулж эхэлжээ.
Энэ удаагийн сонгуулийн санал хураах үйл явц төвөгтэй, илүү цаг хугацаа шаардахаар буй. Мөн сонгогчдын нэрийн жагсаалтын тухайд нэг хаягт олон хүн бүртгэгдсэн, шилжилт хөдөлгөөн ихээр хийгдсэн зэрэг асуудал сөхөгдсөөр байгааг “МИДАС” ТББ-ын захирал С.Энхжаргал онцлов. Шилжилт хөдөлгөөнийг түр зогсоохоос өмнө Увс, Төв, Хөвсгөл, Баянхонгор, Орхон, Дархан-Уул, Дорноговь, Завхан зэрэг есөн аймаг руу Улаанбаатараас иргэд “нүүжээ”. Хамгийн их буюу Увс аймаг руу 1679 хүн түр шилжсэн байна. Тэрбээр “Хяналтын тооллогыг гараар бүх хэсгийн хороог хамруулан хийхээр болсон ч сонгуулийн систем өөрчлөгдсөнтэй холбоотойгоор программын хувьд томоохон өөрчлөлтүүд хийнэ” гээд санал тоолох төхөөрөмжийг хэрхэн урьдчилж шалгахаар төлөвлөж байгаагаа танилцуулсан юм. Түүнчлэн нэрийн жагсаалттай холбоотой зөрчлийн талаар кэйс мэдээлэл цуглуулж, хаягаар очин тулгалт хийж нягтлах, ажиглагч нарт арга зүйн зөвлөгөө, тусламж үзүүлэх зэргээр ажиллах нь. Нэрийн жагсаалтын талаар баримттай, үнэн зөв мэдээллийг сонгогчдод хүргэхэд Factcheck.mn цахим хуудас хамтарч байгаа гэнэ.
Сонгуульд тавьж буй хяналтын явцын үр дүнг кампанит ажлын үеэр олон нийтэд байнга тайлагнах бөгөөд эцсийн тайланг сонгуулийн дараа нийтэд хүргэх нь.
Бэлтгэсэн Б.Уран