Италийн Венец хотын худалдаачин, нэрт аялагч Марко Пологийн тэнгэрт дэвшсэний700 жилийн ойг тохиолдуулан “Марко Поло, Хубилай хаан, монголчууд” тусгай үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд өнгөрсөн баасан гарагт дэлгэв. Салбарын яам, Итали улсаас Монголд суугаа Элчин сайдын яамныхан болон Венецийн их сургуулийн монголч эрдэмтэн Элизабетта Рагагнин нар хамтран энэхүү үзэсгэлэнг гаргажээ. Марко Поло нь 1254 онд Италийн Венецэд төрж, 1324 онд нас барсан гэдэг.
Тэрбээр төрөлх нутаг Венецээс анх гарч, Хубилай хааны дэргэд 1272-1289 онд 17 жил алба хааж, түүний итгэлт элч төлөөлөгчөөр нь ажилласан түүхтэй. Эл хугацаандаа тэрбээр тухайн үеийн бүрэлдэхүүн улсууд болох Юань гүрний олон муж, орны нутаг дэвсгэрээр аялж, хүн ардын аж амьдрал, зан заншил, ёс суртахуун, шашин шүтлэгийн талаар судлан, тэмдэглэж үлдээсэн нь эдүгээ хүн төрөлхтний газар зүй, түүх, хүн судлал, угсаатан зүйн ухааны судалгааны чухал хэрэглэгдэхүүн болсоор байна.
Дээрх үзэсгэлэнгээр эртний европ жуулчны нүдэнд Монголын эзэнт гүрэн хэрхэн туссаныг, тэр дундаа монголчуудын өдөр тутмын амьдрал, зан үйл, Чингис хааны үеийн зэр зэвсэг, дайн байлдаанд эдэлж хэрэглэж байсан зүйлс зэрэг нь өнөөдрийг хүртэл хэрхэн хадгалагдаж үлдсэнийг Марко Пологийн тэмдэглэлүүдээр олон нийтэд харуулахыг зорьжээ. Үзэсгэлэнд 100 гаруй үзмэр дэлгэсэн бөгөөд хамгийн үнэ цэнтэй нь Италийн номын санд хадгалж байсан, XIV зууны үеийн Юань улсын 1x1 метрийн хэмжээтэй газрын зураг гэнэ. Энэхүү зургийг цаашид “Чингис хаан” үндэсний музейд үргэлжлүүлэн хадгалахаар болсныг зохион байгуулагчид мэдээлэв.
Музейн захирал, академич С.Чулуун “Марко Пологоор дамжуулан ертөнцийн зүүн жигүүрт буй нүүдэлчин монголчуудыг баруун европчууд мэддэг болсон. Энэ хүний тэмдэглэл Монголын түүхийг дэлхий дахинд сурталчлах томоохон хөшүүрэг болсонтой хэн ч маргахгүй” гэсэн юм. Ташрамд дурдахад, “Марко Поло, Хубилай хаан, монголчууд” үзэсгэлэнг ирэх оны нэгдүгээр сарын 15 хүртэл нээлттэй байлгах аж.