Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс зохион байгуулсан байгалийн шилдэг гэрэл зураг шалгаруулах олон улсын уралдааны шилдгийн шилдэг бүтээлээр Б.Баярын “Хаврын нүүдэл” тодорч, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртжээ. Уралдааныг энэ жил “Үзэсгэлэнт байгаль”, “Зэрлэг амьтан”, “Монгол ахуй”, “Агаарын зураг” гэсэн дөрвөн ангилалд явуулж, тус бүрд гурван бүтээл шалгаруулснаас гадна шилдгийн шилдгийг тодруулсан аж.
“Үзэсгэлэнт байгаль” ангилалд Б.Эрдэнэбулган “Өргөмжийн булан” бүтээлээрээ түрүүлж, “Дэнэйче консерванси” олон улсын байгууллагын нэрэмжит шагнал хүртсэн бол хоёрдугаар байрт Б.Гантулгын “Мэнэнгийн талд аянга”, гуравдугаарт А.Маналжавын “Намрын цас” оржээ. “Зэрлэг амьтан”-ы шилдэг зургаар Ш.Төмөрсүхийн “Цэцэг дэлгэрэх агшин”-ыг тодруулж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны нэрэмжит “Мазаалай авардс” шагнал олгов. Удаах байруудад Б.Эрдэнэбулганы“Хоёр зулзага”, Т.Ерөөлтийн “Сарны өмнөх янгир” орсон байна. “Чингис хаан” олон улсын нисэх буудлын нэрэмжит шагналтай, агаараас авсан бүтээлийн ангилалд Б.Эрдэнэбулган “Элсэн нуур”-аараа тэргүүлж, Н.Батсүх “Зуны цас”, Г.Ган-Өлзий “Тамирын голын хөндий”-гөөрөө удаалжээ.
Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны нэрэмжит “Go Mongolia” шагналыг Г.Батсүх “Хэцүү нүүдэл” бүтээлээрээ“Монгол ахуй” төрөлд хүртэж, Г.Наранхишиг “Монгол”, Э.Батхүү “Талын үнэртэй салхи”-аараа хоёр, гуравдугаар байрт жагссан аж. “Prophotokits LLC” компанийн нэрэмжит тусгай байрын шагналыг Л.Баяндоржийн “Тайгын гоо” бүтээлд олгохоор боллоо.
“Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2024” уралдааны шүүгчээр Монгол, Орос, Канад, Швед, Тайланд, Финланд, Америкийн есөн гэрэл зурагчин ажилласан байна. Гэрэл зурагчин Б.Эрдэнэбулган хоёр төрөлд тэргүүлж, нэг ангилалд дэд байрт орсноор өнөө жилийн уралдаанд хамгийн амжилттай оролцсон уран бүтээлчээр шалгарав. Ташрамд дурдахад, шилдгээр шалгарсан бүтээлүүдийн үзэсгэлэнг энэ сарын 26-нд тохиох Улс тунхагласны баярын өдрөөр “Норфей арт” галерейд дэлгэж, олон нийтийн хүртээл болгох гэнэ.