Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас “Кибер тусгаар тогтнол” форумыг энэ сарын 25-нд зохион байгуулах гэж буйгаа мэдээлэв. Тус яамныхан “Тусгаар тогтнол хэмээх ойлголт нь зөвхөн улсын хил, дайн тулаан, газрын зургаар хэмжигддэг цаг ард хоцорсон. Харилцаа холбоо, мэдээллийн технологиос хэт хамааралтай болсон орчин цагт кибер орон зайд улс үндэстнийхээ тусгаар тогтнолыг сахин хамгаалах шинэ сорилт хүн төрөлхтний өмнө тулгараад байна. Үүнд бид ч нийтээрээ хамтарч, хариуцлагатайгаар нэгдэх, хууль, дүрмээ чандлан биелүүлэх, дэлхийн жишигт нийцсэн техник, программ хангамжтай болох нь нэн тэргүүний ажил болоод буй” гэлээ.
Салбарын яамнаас төрийн 67 байгууллагын мэдээллийн аюулгүй байдалд үнэлгээ хийхэд 70.59 хувь нь кибер халдлагад өртөх эрсдэлээ тооцоолж чаддаггүй гэсэн дүгнэлт гарчээ. Мөн орон нутгийн өмчит төрийн байгууллагуудын 23 хувь нь мэдээллийн аюулгүй байдлын зохицуулалтгүй, 50.33 хувь нь үүнийг хангах стандарт дагаж мөрддөггүй аж. Түүнчлэн сүүлийн үед эрүүл мэндийн байгууллагууд руу чиглэсэн хортой код өргөн тархаж, иргэдийн эмзэг, нууц мэдээллүүд алдагдаж буй зэргээс үүдэн дээрх форумыг зохион байгуулж, улсын хэмжээнд онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллагуудын кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоог яаралтай бүрдүүлэх талаар хэлэлцэхээр болжээ.
О.УНДРАХ