Их Британийн хааны өвлийн ордон болох Виндзорын шилтгээнд нүүрэндээ баг зүүсэн дээрэмчид нэвтэрчээ. Энэ явдал хунтайж Уильям түүний гэргий Кейт Миддлтон нар гурван хүүхдийн хамт шилтгээндээ байхад болжээ.
Дээрэмчид шилтгээний гаднах цайзын хоёр метрийн өндөртэй ханыг даваад Виндзорын аж ахуйн барилга руу нэвтэрч чадсан байна. Тэд том пикап (ачаатай жип) болон дөрвөн дугуйтай мотоцикл хулгайлж амжжээ.
Виндзорынхан дохиолол дуугарах үед л дээрэмчдийг анзаарчээ.
Дээрэмчид Уильям, Кэтрин болон тэдний хүүхдүүд гарахдаа ихэвчлэн ашигладаг хаалгыг дайрч нураагаад зугтжээ. Тус хаалган дээр хамгаалалтын ажилтан жижүүрлэж байгаагүй аж.
Энэ үеэр хунтайж, түүний гэргий болон гурван хүүхэд нь тайван унтаж байсан гэнэ.
Мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн ч дээрэмчдийг одоогоор олоогүй байна.
Эл үйл явдал асар их дуулиан тариад зогсохгүй, хаан болон хааны оршин суух газрын аюулгүй байдал хэрээс хэтэрсэн доогуур түвшинд байгааг харуулав.
“Дээрэмчид Виндзорын шилтгээнийг хэсэг хугацаанд ажигласан байж таараа. Тэд нэвтэрч орохоосоо өмнө тэнд машин байгааг мэдэж байсан бөгөөд тийшээ хамгийн хурдан хүрэх арга замыг мэддэг байх нь” гэж цагдаагийн төлөөлөгчийн хэлснийг Daily Mail мэдээлэв.
“Хэмнэх үүднээс мөн зохих мэргэшсэн офицер хүрэлцэхгүйн улмаас өмнө нь зэвсэгт цагдаа нар 24 цагийн турш хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан цайзын гол хаалганы харуулын байрыг хүртэл буулгасан нь саяхан тогтоогджээ."
Үүнээс үзвэл хаан ширээг залгамжлагч болон түүний гэр бүлийн амьдрал үнэхээр аюулд оржээ хэмээн британичууд бухимдаж байна
Халдлага гарах үед Шотландад байсан хаан III Чарльз, Энэтхэгт аялж байсан хатан хаан Камилла нар тус шилтгээнд байгаагүй аж.