Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргав. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны долоодугаар сарын 1-нээс мөрдөж эхэлжээ. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа бүтээмж өндөртэй уул уурхай, олборлолт, мэдээлэл холбоо, санхүү даатгал, үл хөдлөх хөрөнгийн салбарын гадаад ажилтны тоо, хувь хэмжээнд хязгаарлалт тогтоож, дотоодын ажиллах хүчнийг илүүтэй дэмжих нь. Харин барилга, эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэл зэрэг бүтээн байгуулалтын салбарт гадаад ажилтныг илүүтэй ажиллуулахаар төсөлд тусгажээ.
Хуулийн төслийг баталснаар гадаад ажилтан ажиллуулах аж ахуйн нэгж, байгууллага, хөрөнгө оруулагчид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлөх ажлын байрны төлбөрөөс хөнгөлүүлж, чөлөөлөгдөх боломж бүрдэх нь. Мөн ажиллах хүчний хомсдолоос богино хугацаанд гарах, стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж Засгийн газраас мэдээлэв.