Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуульд “Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүрэгтэй Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж тусгажээ. Харин Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн бүрэн эрхэд “Эрчим хүчний аудитор, хэмнэлтийн менежер бэлтгэх, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах” хэмээн тусгасан байдаг аж. Хуулийн энэ заалтын хүрээнд Эрчим хүчний зохицуулах хорооныхон ШУТИС-ийн Эрчим хүчний сургуультай хамтран эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг энэ сарын 18-22-нд нийслэлд зохион байгуулж байна.
Дээрх хуулиар боловсрол, эрүүл мэнд, худалдаа, үйлчилгээ, эрчим хүч, уул уурхай, хүнд, хөнгөн үйлдвэр, мэдээлэл, харилцаа холбоо, барилга гээд салбар салбарын төлөөлөл болсон төр, хувийн хэвшлийн цөөнгүй байгууллага үүрэг хүлээсэн хэрэглэгчийн жагсаалтад багтсан байдаг гэнэ. Тодруулбал, цахилгааныг зохистой, үр ашигтай хэрэглэх чиглэлээр тодорхой үүрэг хүлээсэн гэсэн үг. Тэгвэл эл сургалтад эдгээр байгууллагын төлөөлөл бүхий мэргэжилтнүүдийг хамруулж байгаа аж. Хэмнэлтийн менежерээр суралцагчдад тавьдаг гол шалгуур нь эрчим хүч, барилгын салбарын инженер, архитектор, инженер-эдийн засгийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан туршлагатай байх гэнэ.
Н.МИШЭЭЛ