Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан баталсан бусад хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавилаа. УИХ алдагдалгүй төсөв батлах, Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмаа баримтлах нь зүйтэй гэж үзсэн учраас төсөвт хориг тавих шийдвэр гаргасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар дурдав.
Тухайлбал, олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж эдийн засгийн төлөв урьдчилан таамаглах аргагүйгээр хувьсан өөрчлөгдөж буй эгзэгтэй цаг үед валютын нөөц, хуримтлалыг нэмэгдүүлэх, Засгийн газрын өрийг бууруулах зэрэг суурь зарчмаа анхаарч, үр ашигтай, хэмнэлттэй, хөгжилд хөтөлсөн төсөв боловсруулж, батлах шаардлагатай гэж үзжээ. Ингэснээр эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хохирол багатай даван туулах, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах нөхцөл бүрдүүлнэ гэв.
Түүнчлэн ирэх оны төсөв нь Төсвийн тухай хуулийн 6.4.1-ийн “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 6.5.1 дэх “төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх”, мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5.1.2-ын “төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцыг хязгаарлахад чиглэсэн байх...”, 5.1.6 дахь “төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх...” гэсэн заалтыг бүрэн хангаагүй гэж үзжээ.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоолыг УИХ-аас энэ сарын 8-нд баталж, төсөвт тодотгол хийн, засан сайжруулах шаардлагатай гэж үзсэн билээ. Уг тогтоол нь ирэх оны төсөв Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүйг хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэдгийг хориг тавих үндэслэлд дурджээ. Уг нь Төсвийн тухай хуулийн 34.1-т зааснаар бол зөвхөн хүчин төгөлдөр болсон, дагаж мөрдөж эхэлсэн төсвийг л тодотгох учиртай юм байна. Гэтэл 2025 оны төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болоогүй, дагаж мөрдөж эхлээгүй байхад УИХ-аас тодотгох тогтоол гаргасан нь Үндсэн хуулийн 1.2 дахь хэсгийн “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээх заалтыг зөрчсөн үйлдэл гэдгийг хориг тавих үндэслэлд онцолсон байв.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46.6-д зааснаар бол парламент Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаас хойш дараалал харгалзахгүйгээр ажлын 14 өдрийн дотор нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх ёстой. Хуралдаанд оролцсон нийт гишүүний гуравны хоёр буюу 66.6 хувь нь хоригийг хүлээн аваагүй бол тухайн хууль, тогтоол хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ. Үүнээс өмнө ч Төрийн тэргүүн төсөвт хориг тавих тохиолдол гарч байсан. Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга 2017-2021 онд Төрийн тэргүүн байхдаа жил бүрийн төсөвт хэсэгчлэн болон бүрэн хориг тавьсан ч тухай бүрд нь УИХ хүлээж авахаас татгалзсан юм.
Эргэн сануулахад, ирэх оны улсын төсвийг УИХ-аар хэлэлцүүлэх үеэр Ж.Баярмаа, Д.Энхтүвшин тэргүүтэй 20 гаруй гишүүн төслийг буцаан татаж, зарлагыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулах шаардлага тавьсан. Үүний дотор хүүхдүүдэд соёлын эрхийн бичиг тараах 18.3, мэдээллийн технологийн 70, гадаадын томилолт, зочны зардлын 111, тавилга, эд хогшил авахад зориулах 268, бараа, ажил, үйлчилгээний 960 тэрбум, бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төлбөр болох 1.9 их наяд төгрөгийг хамааруулж байв. Түүнчлэн хамтарсан Засгийн газрын гишүүд төсвийн төслийг боловсруулахдаа сонгуулийн мөрийн хөтөлбөрөө мартаж, амлалтаасаа тэнгэр, газар шиг зөрүүтэй зардлуудыг тусгасан талаар УИХ-ын гишүүд болон иргэд ч шүүмжилж байсан билээ. Тухайлбал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Төсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана” гэж тусгаснаа хэрэгжүүлэхийг татвар төлөгчид, мэргэжлийн байгууллагууд ч шаардаж байв. Түүнчлэн “Цогц хөгжлийн үндэсний төв” иргэний нийгмийн байгууллагаас нийтийн цахим өргөдөл санаачилж, 8000 гаруй хүний гарын үсгийг цуглуулан, төсөвт хориг тавих хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм. Төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх, чиг үүргийн давхардлыг арилгах зэрэг санал, шүүмжлэл одоо ч гарсаар байна.
М.ОЧ