Манай улсын эмэгтэйчүүдийн хавдрын шалтгааныг умайн хүзүүнийх тэргүүлж, дэлхийд ч уг үзүүлэлтээр эхний байруудад жагсдаг. Тиймээс уг өвчнийг бууруулах, цаашид бүрмөсөн устгах зорилгоор охид, хөвгүүдийг энэ жилээс вакцинд хамруулахаар болсон юм. Тодруулбал, умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч папиллома вирусийн эсрэг дөрвөн цэнт “Гардасил” вакциныг энэ сарын 25-наас улсын хэмжээнд 11 настай хүүхдүүдэд хийхээр бэлтгэж буй. Үүнтэй холбоотойгоор уг вакциныг эсэргүүцсэн, олон нийтийг турхирсан мэдээллүүд нийгмийн сүлжээнд эрчимтэй тархав. Тухайлбал, “Бадарч Бямбадулам” гэх хаягтай нэгэн эмэгтэйн шинжлэх ухааны үндэслэлгүй зүйл ярьсан дүрс бичлэгийг нийгмийн сүлжээнд 75 400 хүн шэйрлэж, 5.1 сая удаа үзээд байна. Тэрбээр “Вакцины найрлагад үргүйдэлд хүргэдэг, зөнөх өвчин, саажилт үүсгэдэг химийн бодис орсноос гадна үр хөндөлт хийлгэсэн ургийн “материал” байна” гэж олон нийтийг айдаст автуулсан юм. Үүнээс болж эцэг, эхчүүд, асран хамгаалагч нар 11 насны хүүхдүүдээ ирэх даваа гаргаас сургуульд нь явуулахгүй гэж бусдадаа уриалах болов. ЭМЯ үүнд өчигдөр хариу тайлбар хийж, вакцин эсэргүүцэгчийн мэдээллийг няцаав.
Манай улсад умайн хүзүүний хорт хавдрын тохиолдол өдөр бүр бүртгэгдэж, хоёр хоног тутамд нэг хүн нас бардаг аж. Хүний папиллома вирусний эсрэг вакциныг дэлхийн 150 гаруй оронд нэвтрүүлээд буй гэнэ. Манай улс ч уг вакциныг Дархлаажуулалтын тухай хуулийн хүрээнд үндэсний товлолд өнгөрсөн оны аравдугаар сард оруулсан билээ. “Гардасил” вакциныг манай улс НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар оруулж ирсэн. АНУ-д үйлдвэрлэсэн, ДЭМБ-ын гэрчилгээтэй. Өсвөр насныхныг бэлгийн харьцаанд орохоос нь өмнө уг вакциныг хийснээр умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч вирусээс хамгаалахаас гадна бэлгийн үү, шулуун гэдэсний хавдраас ч давхар сэргийлдэг. Тиймээс ДЭМБ-аас уг вакциныг хүүхдүүдийг идэвхтэй хамруулахыг улс орнуудад зөвлөсөөр буй. Дэлхий дахинд умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч папиллома вирусний эсрэг зургаан төрлийн вакцин хийж байгаа. Чанар, найрлагын хувьд бүгд ижил, аюулгүй. Олон жилийн судалгааны туршид үргүйдэлд хүргэх нь битгий хэл, харин ч олон өвчнөөс давхар сэргийлж байгааг тогтоосон. Вакцины талаарх хуурамч мэдээллүүд нь олон хүний амийг “авах”, эрүүл мэндээр нь хохироох эрсдэлтэй. Иймд шинжлэх ухааны үндэслэлгүй, албан бус эх сурвалжийн ташаа мэдээллүүдийг нийтээр түгээж, бусдыгаа айдаст автуулж, турхирахгүй байхыг хүсье” гэж ЭМЯ-наас мэдээлсэн юм.