Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг энэ оны нэгдүгээр сард баталж, дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Уг хуулийн 3.1.1-т “Нийгмийн эрүүл мэнд” гэж хүн, байгаль, нийгмийн зохицлыг хангаснаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдүүлэх чиглэлээр хувь хүн, хамт олон, байгууллага, салбар хоорондын зохицуулалттай, судалгааны үр дүн, нотолгоонд суурилсан нийтээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээ” гэж заажээ.
Харин энэ хуулийг хэрэгжүүлэх нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан үндэсний төв нь халдварт болон халдварт бус өвчний хяналт, орчны эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, шим судлал, нийгэм, сэтгэц-зан үйл, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг тандан судлах, тодорхойлох, урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны судалгааны үр дүн, нотолгоонд суурилан зохион байгуулах зэрэг олон үүрэгтэй байхаар тусгажээ. Гэтэл өнөөдөр ЭМЯ-ны харьяанд байх Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ) гэх байгууллага хуульд заасан үйл ажиллагааг явуулж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Дэргэдээ лабораторитой байж сорилт, шинжилгээгээр хүн амын эрүүл мэнд, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тогтоох, тандах, хянах үйл ажиллагаа явуулахаар хуульд заасан. НЭМҮТ тэгвэл ийм лабораторио ажиллуулж, судалгаа шинжилгээний дүгнэлтээ олон нийтэд үнэн зөвөөр мэдээлэхгүй байгаагаас нийгэмд талцал, эргэлзээ төрүүлсэн үйл явдал өрнөж байна. Тодруулбал, хүний папиллома буюу монголоор хөхөнцөр вирусний эсрэг дархлаажуулалтыг хийж эхлэхтэй холбоотойгоор эцэг, эхчүүд нийгмийн сүлжээнд янз бүрийн сөрөг мэдээлэл түгээх болов. Хуулиар товлолт вакцинд орсон байхад хүүхдүүддээ хийлгэхгүй хэмээн эсэргүүцэж, эл дархлаажуулалт үр дүнтэй, эсэхийг шинжлэх ухаанаар батлахыг ч шаардаж байна. Яг энэ тохиолдолд НЭМҮТ үндсэн үйл ажиллагааныхаа нэг хэсэг болсон лабораториороо эл вакцины үр дүнг судалж шинжлэн, монгол хүний бие, физиологийн онцлогт зохицох, үгүйг тодорхойлон олон нийтэд шинжлэх ухааны үндэстэй тайлбарлан, эргэлзээг нь тайлах ёстой байв. Гэвч тус төвийн удирдлага нь сандал, суудалтайгаа зууралдан, эрдэмтэн, судлаачдаа элдвээр хавчин гадуурхаж, хэрэгжүүлэх ёстой үндсэн ажлаа хийсэнгүй.
Зөвхөн эл вакцинаар тогтохгүй, хүүхэд, насанд хүрэгчдийн дунд тархсан ханиад, томуу, хоёр сая шахам хүн амьдарч буй нийслэлчүүдийн тулгамдсан асуудал болох утааны улирал ирчихээд байхад урьдчилан сэргийлэх чиглэлээр ч дорвитой ажил хийсэнгүй гэхэд хилсдэхгүй. Хүн амын эрүүл мэндийн төлөө хийдэг элдэв судалгааныхаа дүн, дүгнэлтийг ч шуурхай гаргаж, олон түмэнд танилцуулдаггүй нь НЭМҮТ-ийн удирдах албан тушаалтнуудын ажлын хариуцлагатай холбоотой гэхэд хэтрүүлсэн болохгүй биз. Удирдлага, зохион байгуулалтаар үр дүнтэй хангаж ажиллаж чадахгүй, НЭМҮТ-ийн ажлыг унагаж байна гэж үзсэн тус төвийн эрдэмтэн, судлаач, ажилтнууд нь дарга С.Өнөрсайханыхаа эсрэг гомдлыг ХЭҮК, АТГ, Төрийн албаны зөвлөлд хүргүүлээд буй юм билээ.
Шүгэл үлээсэн эрдэмтдийн гомдлыг АТГ хэрхэх бол
НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан болон ахлах нягтлан бодогч Ж.Цэцэгбал нартай холбоотой гомдлыг АТГ-ынхан хянаж эхэлжээ. Одоогоор ямар нэг шийдвэр гаргаагүй аж. Бидний авсан мэдээллээр дээрх хоёр албан тушаалтантай холбоотой гомдлыг хэд хэдэн эрдэмтэн, судлаач гаргасан юм байна.
НЭМҮТ-ийнхөн Хүн амын хоол тэжээлийн үндэсний судалгааг 2023-2024 онд хийсэн байдаг. Уг судалгааг хийхэд 60-аад судлаач, 10 гаруй жолооч зэрэг цөөнгүй хүний хөлс, хүч, цаг завыг ашиглажээ. Ингээд судалгаа хийсэн ажилтнуудын болон бусад хүний ажлын хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвараа суутгаад олгосон атлаа нэмж и-нэхэмжлэх гээчийг НЭМҮТ-ийн удирдлага, Санхүүгийн албаныхан үүсгэн, дахин 10 хувийн татвар нэмж төлөх татварын өр ажилтнууддаа “үүрүүлчихсэн” гэнэ. Мөн судлаач, жолооч нартаа томилолтын зардлын дүнгээр дахин и-нэхэмжлэх үүсгэж, бас л төлбөр төлүүлэхээр болж, татварын өр бий болгожээ. Энэ нь НЭМҮТ-ийн ажилтнуудын дунд хардлага үүсгээд буй бөгөөд захирал, Санхүүгийн албаныхан нь үнэхээр мэдэхгүйдээ ийм зүйл хийсэн гэдэгт итгэхгүй байгаа юм билээ. Ийнхүү ажилтнууд нь шүүмжлэл гаргаж эхэлмэгц НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан, ахлах нягтлан бодогч Ж.Цэцэгбал нар ажлын бус цагаар судлаач, мэргэжилтнүүдээ ажил дээрээ дуудан, хувь хүний татвар төлөгчийн систем рүү нь нэвтрүүлж баахан засвар хийлгээд өнгөрсөн байна.
Үүнээс гадна өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулсан эмнэл зүйн тогоочийн сургалтын хүрээнд багш болон үйл ажиллагааны зардлын төлбөрийг элдэв шалтаг хэлсээр хоёр сарын дараа арайхийж төлсөн гэнэ. Түүнчлэн хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг элдэв шалтгаар гацаадаг, орж ирсэн мөнгөнөөс нь гаргаж өгөхийг шаарддаг зэргийг НЭМҮТ-ийн эрдэмтэн, судлаач, ажилтнууд нь шүгэл үлээн АТГ-т гомдол гаргаад буй юм билээ.
НҮБ-ын хүүхдийн сангаас авсан төслийн мөнгөнөөс хувь хүртэх ёстой юу
НЭМҮТ-ийн ажилтнууд хуулийн байгууллагад гаргасан гомдолдоо холбогдох баримтуудыг хавсаргасан аж. Тухайлбал, “Хүүхдэд ээлтэй эмнэлэг санаачилга” төрөх эмнэлгийн ажилтнуудад зориулсан сургалтын оролцогчийн гарын авлага боловсруулах” төсөл боловсруулж, санхүүжилтийг НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргуулан авч, хэрэгжүүлжээ. Уг төслийг гүйцэтгэж дуусаад өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр тайлангаа хүлээлгэн өгч, судлаачдынхаа ажлын хөлсийг бодуулсан ч гурван сар гаруйн турш мөнгийг нь өгөөгүй гэнэ. Түүгээр ч зогсохгүй нэг хүнд нэг саяас илүү төгрөг олгохгүй хэмээн хясан боогдуулсны улмаас судалгаанд оролцоогүй ажилтнуудын нэр дээр ажлын хөлсөө хувааж авсан эрдэмтэн НЭМҮТ-д байгаа юм билээ. Ингэснээр өөр хүмүүст нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар бодогдож, судлаач, эрдэмтдэд хохиролтой үйл ажиллагаа болсон гэсэн үг. Магадгүй НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад байгууллагаас авсан төслийнхөө мөнгийг НЭМҮТ-ийн удирдлага эргэлдүүлж, угаадаг байх магадлалтай гэсэн хардлага бий. Эл сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн дээрх төсөлд НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан төдийлөн оролцоогүй атлаа цалин аваад зогсохгүй нэмж бэлнээр хоёр сая төгрөг гаргаж өгөхийг шаардан авсан тухай ч АТГ-т гаргасан өргөдөлд тодорхой дурдсан гэнэ.
Түүнчлэн ахлах нягтлан бодогч Ж.Цэцэгбал хуулиар хүлээсэн ажлаа хийснийхээ төлөө нэмж “санхүүгийн тайлан хянах ажлын хөлс” гэгчийг хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээс гаргуулж авдаг талаар эрдэмтэн, судлаачид шүгэл үлээжээ. Хэрэв өөрт нь ийм ажлын хөлс тооцоогүй, бичээгүй бол урамшууллыг олгохгүй удаашруулах зэргээр хясан боогдуулдаг юм байх. Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сард НЭМҮТ-өөс эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн аж. Үүнийгээ төлөвлөн санхүүжилт, хөтөлбөрийг нь батлуулах үед ахлах нягтлан бодогч Ж.Цэцэгбалын шаардсаны дагуу “санхүүгийн тайлан хянах ажлын хөлс” гэж нэмж тусгажээ. Гэтэл НҮБ-ын Хүүхдийн сангаас ийм хөлсийг тооцож өгөх боломжгүй гэсэн хариу НЭМҮТ-ийнхөнд хүргүүлсэн байгаа юм. Үүнээс нь болж тухайн төлөвлөгөөт арга хэмжээний санхүүгийн гүйлгээнүүд саатсан гэдгийг АТГ-т гаргаж өгсөн өргөдөлдөө тус төвийн ажилтнууд тодотгожээ. Энэ мэтээр санхүүгийн гүйлгээг удаадаг, хүнд суртал гаргадаг үйлдлүүд нь НЭМҮТ-өөс зохион байгуулдаг бусад сургалт, эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулалтад сөргөөр нөлөөлж, эрдэмтэн, судлаачид өр, зээл үүсгэн арга хэмжээ хэрэгжүүлэхээс өөр аргагүй байдалд орж буй аж.
Захирлын суудалд сууснаас хойших хоёрхон жилийн хугацаанд олон хүн ажлаасаа гарчээ
НЭМҮТ-ийн захирлаар С.Өнөрсайханыг 2022 оны есдүгээр сард томилсон байдаг. Түүнээс хойших хугацаанд энэ байгууллагын хүний нөөцийн бодлого алдагдаж, тогтвор суурьшилтай ажилласан хүн цөөн болж байгаа гэх. Энэ нь захирлын эрдэмтэн, судлаачидтайгаа харилцаж буй харилцаа, тэднийг үл хүндэтгэж, доромжилдогтой шууд холбоотой гэхэд хилсдэхгүй. Тэрбээр өөрөө эрдэмтэн, БНХАУ-д докторын зэрэг хамгаалсан, дэд профессор хүн. Гэтэл гадаадад эрдмийн зэрэг хамгаалсан докторуудаа “хүн сүгнүүд”, яаж та нар докторын зэрэг хамгаалж чадсан юм бэ” гэх зэргээр гутаан доромжилж, эрдмийн зэрэг цолыг нь хүртэл үгүйсгэж байдаг талаар ХЭҮК-т ажилтнууд нь гомдол гаргажээ. Монгол Улс эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжилж харьцахын эсрэг конвенцод нэгдэн орсон орон. Гэтэл ЭМЯ-ны харьяанд байдаг агентлаг болох НЭМҮТ-ийн захирал нь хамт ажилладаг эрдэмтэн, докторуудынхаа нэр төр, зэрэг цолыг нь гутаан доромжилж буй нь байж болох үйлдэл үү, Т.Мөнхсайхан сайд аа. Удирдах албан тушаалтан хүн ажилтнуудтайгаа зөв харилцаж байж, тэднээс хүндлэл хүлээх учиртай баймаар. НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан ажилтнууддаа ажлын байрны дарамт үзүүлдэг, ээлжийн амралтыг хугацаанд нь эдлүүлдэггүй, өөрийн ойр дотнын хүмүүстээ давуу байдал олгодог зэргээр төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхээргүй үйлдэл удаа дараа гаргаж байгааг эсэргүүцэж, эрдэмтэн, судлаачид ХЭҮК, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргачхаад байгаа юм билээ. Харин гомдлыг хянаж, шийдвэрлэх учиртай байгууллагууд нь хэрхэж буй нь одоогоор тодорхойгүй байна.
Цөөн жишээг энд дурдъя. НЭМҮТ-ийн Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан хүмүүс богинохон хугацаанд солигдож, өдгөө тав дахь хүн нь удирдаж байх юм. Орчны эрүүл мэнд, нөлөөллийн албаны даргыг зургаан удаа сольж, нэг нь шүүхийн шийдвэрээр эргэж албан тушаалдаа томилогджээ. Ийнхүү шүүхэд маргаан үүсгээд явж байх хооронд тухайн албан тушаалд ямар ч сонгон шалгаруулалт зарлалгүйгээр хүн томилсон байсан аж. Өөр нэг албан тушаалд нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт зарласан атлаа холбогдох хууль журмын дагуу явуулалгүй, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж өөрийн баталсан журмаа зөрччихөөд байгаа гэнэ. Улмаар тухайн албан тушаалыг хашиж байгаа хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-т хянуулахдаа өөр албан тушаалд томилохоор болсон тодорхойлолт хүргүүлсэн гэдэг.
НЭМҮТ-д 100 гаруй хүн ажилладгаас 40-50 орчим нь ажлаасаа гарсан нь С.Өнөрсайхан захирлын хууль бус шаардлага, доромжлол, дураараа аашилдгаас үүдэлтэй гэдгийг ХЭҮК, Төрийн албаны зөвлөлд гаргасан өргөдөлд ажилтнууд нь тодорхой дурдсан байна.
Уг нь Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 12.1.8-д биотехнологи, инновацын бүтээгдэхүүнийг турших, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан. Харамсалтай нь, НЭМҮТ-ийн удирдлагын буруу бодлого, шийдвэрийн улмаас Био бэлдмэлийн үйлдвэр нь хаалгаа барихад хүрч, эрдэмтэд, эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэлийн ажилтнууд нь бүгд шахам халагджээ. Ажлаас гарахдаа ажилтнууд нь Засгийн газрын 1111 төвд гомдол гаргаж, С.Өнөрсайханы био бэлдмэлийн эсрэг явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргүүлсэн ч хэрхсэн нь тодорхойгүй дарагдсан байгаа юм. Ингэснээр НЭМҮТ-ийн Био бэлдмэлийн үйлдвэрийн үйл ажиллагаа бараг л зогсчихоод буй гэнэ. Тус үйлдвэр уг нь 15 нэр, төрлийн био бэлдмэл, 20 гаруй төрлийн тэжээлт орчин үйлдвэрлэж, эрүүл мэндийн байгууллага, хүн амын хэрэгцээг хангаж байсан түүхтэй. Уураг нөхөх альбумин, дархлаа сайжруулах хэвийн иммуноглобулин, харшлын эсрэг гистаглобулин, галзуугийн эсрэг вакцин, гэдэсний хижиг өвчин эмчлэх балнадын нян залгиур зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байв. Гэвч 2016 онд түүнийг татан буулгасан юм. Эл үйлдвэрийг татан буулгасны хор хохирлыг ойлгосон шийдвэр гаргагчид сэргээн байгуулсан ч судлаач эрдэмтэд, бусад нарийн мэргэшсэн боловсон хүчнүүдээ НЭМҮТ-ийн удирдлага шахаж, хавчсаар ийм байдалд хүрч, хууль хэрэгжүүлэхэд боломжгүйд хүрэхэд ойрхон байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, АТГ, ХЭҮК, Төрийн албаны зөвлөлийнхөн С.Өнөрсайхан захирал, түүний хамаарал бүхий хүн болох УИХ-ын гишүүн С.Лүндэг тэргүүтэй, хууль хяналтын байгууллагад ажилладаг хүмүүсийн нөлөөнд авталгүй шударгаар шалгаж, дүгнэлтээ гарган хариуцлага тооцож чадах, эсэхийг НЭМҮТ-ийн ажилтнууд хүлээж суугаа гэдэг нь эргэлзээгүй.