“Оюутолгой” ХХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарих зорилт дэвшүүлж, амлалт өгөөд буй. Үүнийхээ тодорхой хувийг дүйцүүлэх хэлбэрээр хэрэгжүүлж, ойн салбарын хөгжилд хөрөнгө оруулахаа тус компанийн удирдлагууд олон нийтэд мэдээлсэн билээ. Одоогийн байдлаар “Оюутолгой”-нхон 20 гаруй сая мод тарьсантай дүйх ажлыг ойн салбарт хийгээд буй гэнэ. Тодруулбал, мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор 10 оюутанд тэтгэлэг олгож, техникийн хангамжийг сайжруулах үүднээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ. Мөн Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумд 750 мянган тарьц, суулгац нийлүүлэх хүчин чадалтай, мод үржүүлгийн газар байгуулжээ. Өдгөө дахин гурвыг байгуулахаар ажиллаж байгаа аж. Хамгийн сүүлд Ойн газартай хамтран “Хангайн бүсийн ойжуулалт” сэдэвт туршлага судлах аяллыг зохион байгуулж, сум дундын 40 ойн ангийн 90 гаруй инженер, мэргэжилтнийг хамруулсан байна. Оролцогчид Сэлэнгэ аймгийн Ерөө сумд байрлах, “Ногоон хэрэм” төсөл, “Бугат нандин” компанийн мод үржүүлгийн талбайтай танилцаж, ойжуулалт, нөхөн сэргээлтийн чиглэлээр туршлага судалжээ.