Теннисний түүхэнд тэмдэглэгдэн үлдэх төдийгүй өөрөө ч дахин давтах бараг боломжгүй гэмээр гайхалтай оныг Я.Синнер үдэж байна. Итали теннисчин 2024 онд ямар амжилт үзүүлснийг эргэн сануулъя.
•Нийт 70 ялалт байгуулсан. Хамгийн сүүлд Э.Маррэй л нэг жилд (2016 он) ийм олон хожил байгуулав.
•Янник энэ онд зургаа ялагдсан. Тэрбээр ялалтын хувиар (92) АТР-ийн тамирчдыг тэргүүлж буй бөгөөд хоёрдугаарт К.Алькарас (83 хувь) бичигдлээ.
•Гэхдээ агуу аваргуудтай харьцуулбал Я.Синнерт сайжруулах ёстой зүйл бий. Р.Федерер 2005, 2006 онд нийт тоглолтынхоо 95, Н.Жокович 2015 онд 93 хувьд нь яллаа.
•Я.Синнер 2024 онд тоглосон бүх өрсөлдөгчөөсөө ядаж нэг сет “салгаж” байв. Түүнээс өмнө ийм сүрдэм амжилтад Р.Федерер л (2005) хүрч байсан. Гэхдээ Я.Синнер удахгүй “Дэвисийн цом”-ын тэмцээнд оролцох ёстой.
•Тэрбээр энэ онд оролцсон 14 тэмцээнийхээ наймд нь түрүүлжээ. Тэр дундаа хоёр “Их дуулга” буюу “Австралийн нээлттэй тэмцээн”, “Америкийн нээлттэй тэмцээн”-д аваргалсан.
•Энэонд “Мастерс” ангиллын гурван ч тэмцээнд түрүүлсэн нь бусад бүх тамирчнаас илүү гарах үзүүлэлт.
•Оны сүүлчийн АТР тэмцээнд Я.Синнер нэг ч сет алдалгүй түрүүлсэн. Түүнээс өмнө ийм амжилтыг 1986 онд домогт И.Лендл үзүүлж байв.
•Чансааны эхний 10-т багтаж буй өрсөлдөгчдийн эсрэг тоглохдоо Я.Синнер 17-г нь ялж, тавд нь ялагдсан. Өөрөөр хэлбэл, энэ онд итали тамирчныг К.Алькарас (гурван удаа), Д.Медведев, А.Рублев, С.Циципас хожжээ.
•Я.Синнер хатуу гадаргуутай талбайд хаанчилж байна. Ийм талбайд тэрбээр 53 удаа тоглохдоо 50-д нь ялсан (оны эхний хагаст хожил, хожигдлын харьцаа 22:1, хоёрдугаар хагаст 28:2) бол бусад талбайд 23 тоглохдоо 20 удаа ялжээ.
•Янник энэ оныг дэлхийн тэргүүн теннисчний хувиар дуусгах нь тодорхой болсон. Тэрбээр хоёрдугаар байрт бичигдэж буй тамирчнаас 3915 оноогоор тасарсан байна.
Э.ЭНХ