-Өндөгний үнэ хэд вэ?
-Орос нь 550, монгол нь 650 төгрөг.
-Хүмүүс алийг нь түлхүү авч байна вэ?
-Оросынхыг их авдаг. Пакеттай савлагаатай нь 50-100 төгрөгөөр үнэтэй байдаг учир импортын, задгай, их хэмжээний өндөг авах гэсэн хүмүүс манайхыг голдуу зорьж ирдэг.
-Импортын өндөг ховордсон гэдэг нь үнэн болов уу?
-Мэдсэнгүй. Манайд лав нийлүүлэлт тасалдаагүй. Аль алиныг нь урьдын хэмжээгээр авч байгаа.
-Сүүлийн үед орос өндөг харагдахаа байсан гэж хүмүүс ярих боллоо.
-Түгээлтээс болоод зарим байршилд “очих”-оо больсон байх. Манай худалдааны төвийн хүнсний бүх лангуунд орос өндөг байна. Хугацаа, савлагаа зэргээс нь хамаараад үнэ нь ялимгүй зөрүүтэй.
-Та гэртээ алийг нь сонгодог вэ?
-Янз янз. Ашгаа бодвол хямдыг нь авна. Заримдаа аль байгааг нь аваад харина.
Нийслэлийн төвийн дүүргийн иргэд зорин очиж, өдөр тутмын хэрэглээний зүйлсээ базаадаг “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд хүнсний лангуу ажиллуулдаг эмэгтэйтэй ийнхүү ярилцлаа. Орлогынх нь гол цөмийг гурил, будаа, элсэн чихэр, ургамлын тос, цай, кофе бүрдүүлдэг бол хамгийн гүйлгээтэй, олноор зарагддаг бүтээгдэхүүн нь өндөг гэнэ. Тэрбээр “Өндөгний хэрэглээ өдрөөс өдөрт өсөж байна. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад л эрэлт нь эрс нэмэгдсэн. Өдөрт багадаа, бүр хамгийн муудаа 400-700 ширхэг өндөг зардаг” хэмээсэн юм.
Монголын шувууны аж ахуй эрхлэгчдийн холбоо өнгөрсөн оны статистикт үндэслэн судалгаа хийгээд манай улсын нэг хүн жилд дунджаар 180-200 өндөг хэрэглэдэг гэсэн тооцоо гаргажээ. Жилийн нийт хэрэглээ нь 400-450 саяд хүрсэн байна. Энэ нь зургаан жилийн өмнөх буюу 2018 оны үеийнхээс хоёр дахин өссөн үзүүлэлт гэнэ. Тэгвэл дээрх худалдагч ганцхан өдрийн дотор 2-3 хүний нэг жилийн хэрэглээтэй дүйцэхүйц тооны өндөг борлуулдаг болж таарах нь. Эндээс манай улсад өндөгний зах зээл хэрхэн тэлж, хэрэглээ нь өссөнийг баримжаалах боломжтой. Аливаа бүтээгдэхүүний хэрэглээ өсөхөд зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр хэлбийж, үүнээс үүдээд хомсдол, тасалдал, хөөрөгдөл бий болдог жамтай. Өндөгний зах зээлд ч сүүлийн жилүүдэд ийм үзэгдэл үе үе тохиож, ихээхэн “савлагаатай” байх болов.
“Гол тоглогч” солигдов
Манай улс цар тахлаас өмнөх жилүүдэд өндөгний хэрэгцээнийхээ 40-45 хувийг дотоодоосоо дөнгөн данган хангадаг байжээ. Харин коронавируснээс үүдэлтэйгээр хил, гаалийн үйл ажиллагаа саатаж, импортын өндөгний нийлүүлэлт тасалдсанаар дотоодын үйлдвэрүүд “гол тоглогч”-ийн байр суурийг эзлэх зоригтой алхмуудыг хийсэн нь энэ хувь хэмжээ богино хугацаанд 20 орчим хувиар нэмэгдэхэд нөлөөлжээ. Өнгөрсөн онд гэхэд үндэсний үйлдвэрлэгчид дотоодын хэрэглээний 60 гаруй хувийг хангасан байна. Тодруулбал, 240-270 сая өндгийг зах зээлд нийлүүлсэн гэсэн үг. Цаашид дотоодын нийлүүлэлт улам нэмэгдэж, үндэсний компаниуд ойрын 2-3 жилд монголчуудын хэрэглээг 100 хувь хангах боломжтой болно гэсэн тооцоог дээрх холбооноос гаргаад буй аж.
Түүхэн бууралт
Уншигчид санаж буй бол энэ оны хавар өндөг байсхийгээд л тасалдаж, үүнтэй холбоотой “хэл ам” олон нийтийн сүлжээгээр нэлээд эрчимтэй хөвөрсөн дөө. Тухайн үед өндөгний импорт түүхэнд байгаагүйгээр буурсныг Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-ын статистик мэдээлэл харуулж байна. Монгол Улс 2024 оны эхний дөрвөн сард 10 сая ширхэг өндгийг 980.1 мянган ам.доллароор импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 80 хувиар буурсан үзүүлэлт болжээ. 2021 оны 1-4 сард гэхэд 4.6, 2022 онд 4.3, өнгөрсөн жилийн мөн үед 3.9 сая ам.долларын өндөг хойд хөршөөс импортолсонтой харьцуулахад энэ нь эрс бага үзүүлэлт юм. Үүнээс хойш импорт харьцангуй нэмэгдэж, тогтворжсон ч өнгөрсөн оны мөн үеийн үзүүлэлтийг давах хэмжээнд хүрээгүйг ГЕГ-ын тайланд дурджээ. Өнгөрөгч аравдугаар сарын байдлаар манай улс ОХУ-аас 77.2 сая ширхэг өндөг импортолсон аж. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 0.5 хувиар буурсан дүн гэнэ.
Өндөгний импорт буурсан нь хойд хөршийн улс төр, геополитикийн нөхцөл байдалтай шууд холбоотойг шувууны аж ахуй эрхлэгчид хэлж буй. Орос, Украины сөргөлдөөнөөс үүдэлтэй хориг хязгаарлалтын улмаас Барууны орнуудаас хойш хөршид нийлүүлдэг шувууны хоол тэжээл, зарим витамин, эрдэс тасарч, энэ нь аж ахуй эрхлэгч, өндөг үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа доголдоход хүргэжээ.
Зургаан жилд 114 хувиар нэмэгдэв
Нийслэлийн статистикийн газраас долоо хоног тутамд гаргадаг “Хүнсний бараа, бүтээгдэхүүний танилцуулга”-аас харахад өндөгний дундаж ханш өдгөө 621 төгрөг байна. Тус газрын мэргэжилтэн “Улаанбаатар хот дахь зах, худалдааны төвүүдэд нэг өндгийг 570-670 төгрөгөөр худалдаж байна. “Оргил” супермаркетад хамгийн хямд буюу 570, “М-март”-д 670, ихэнх газарт 600-650 төгрөгийн ханштай. Сүүлийн үед орос өндөгний нийлүүлэлт буурч, дотоодын бүтээгдэхүүний хүртээмж сайжирсан нь илт анзаарагдах болсон” гэсэн юм.
621 гэдэг бол пакетгүй, задгайгаар борлуулж буй нэг ширхэг өндөгний үнэ. Энэ нь 2018 оны буюу зургаан жилийн өмнөхөөс 114 хувиар өссөн ханш. Тухайн үед өндөгний дундаж үнэ 290 төгрөг байж. Цар тахал тохиосон 2019-2021 онд өндөгний үнэ 333-497 төгрөг болж нэмэгдсэн бол 2023 оноос 600-г давжээ. Пакеттай савлагаатай өндгийг хэрэглэгчид үүнээс хамаагүй өндөр үнээр, ширхгийг нь 700-750 төгрөгөөр худалдаж авдаг аж. Дотоодын үйлдвэрүүд зах зээлд бий болсон эрэлтэд дөрөөлж хуншгүй загнахгүй, өндөгний үнийг нэмэхгүй, зарлагаа бууруулж, бүтээмжээ сайжруулах замаар харин ч өртгийг нь бууруулах бодлого баримталж байгаагаа нэгдмэл байдлаар зарласаар буй. “Түмэн шувуут” ХХК гэхэд задгай өндгийг тогтмол 500 төгрөгөөр нийлүүлж буйгаа саяхан олон нийтэд мэдээлсэн. Гэтэл нөгөө талд нь хүнсний худалдаа эрхлэгчид “Импортын өндөг тасалдсантай холбоотойгоор дотоодын компаниуд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн” гэж ярьсаар буй. “Алтжин бөмбөгөр”-ийнхөн гэхэд “Орос өндгийг 480-500, монголыг үйлдвэрээс нь 550-600 төгрөгөөр авч байгаа” гэсэн юм.
Тоо нь цөөрсөн ч чанар нь сайжрав
Өдгөө манай улсын хэмжээнд НВЦ, “Түмэн шувуут”, “Нионшель”, “Баянууд” зэрэг шувууны 10 гаруй аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Шувууны аж ахуй эрхлэгч компанийн тоо сүүлийн 10 жилд гурав дахин буураад буй нь энэ юм. Гэвч өндөгний нийлүүлэлт нэмэгдсээр байгаа нь компаниуд үйлдвэрлэлээ өргөжүүлэх болсонтой холбоотой. Эдгээрээс хамгийн том нь “Түмэн шувуут” болон НВЦ ХХК. “Түмэн шувуут”-ынхан 350 мянга гаруй өндөглөгч тахиатай бөгөөд дотоодын хэрэглээний 30 орчим хувийг хангадаг. Харин НВЦ компани нэг сая өндөглөгч тахиатай, дотоодын зах зээлд голлох байр суурьтай байсан бол өнгөрсөн хавар “Баян” өндөгний үйлдвэрт нь гал гарснаар өмнөх хэмжээнд нийлүүлж чадахаа больжээ. Гэвч бусад үйлдвэрлэгч энэ сул орон зайг хангалттай нөхөж байгаа аж.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд шувууны аж ахуйн болон тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөх, бага хүүтэй, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь энэ төрлийн бизнес эрхлэгчдийг дэмжих, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болж буй гэнэ. Өнгөрсөн бямба гарагт гэхэд “Өег өндөг” хэмээх шинэ компани үйлдвэрээ нээж, ирэх сараас эхлэн “Фрэш өндөг” нэртэй бүтээгдэхүүнээр нийслэлчүүдийн сонголтыг арвижуулахаар болсноо зарлалаа. Эрэлт, хэрэглээ өсөхийн хэрээр үйлдвэрлэгчид ч хэрэглэгчдийн хүсэл сонирхол, хэрэгцээнд тохирсон олон нэр, төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх болжээ.
Н.МИШЭЭЛ