Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар төрийн болон орон нутгийн өмчит компаниудын тухай хуулийн үзэл баримтлал, эрх зүйн реформыг хэрхэн хийх талаар танилцуулсан. Энэ долоо хоногт уг хуулийн төслийг УИХ-д өргөн барих гэж байна. Төрийн болон орон нутгийн компаниудад эрх зүйн реформ зайлшгүй хийх шаардлагатай. Зардал нь өндөр, зарлагаараа захирлуудаа урамшуулдаг, төсвөөс гадуурх буюу хяналтгүй төсөвтэй төрийн өмчит компаниудын удирдлагад зохих арга хэмжээ авах ёстой. Тиймээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан 14 төслийн дотор төрийн өмчит компаниудад эрх зүйн шинэчлэл хийхээр тусгасан. Ингэхдээ санхүүгийн сахилга бат, хариуцлага, ил тод, нээлттэй, компанийн сайн засаглал, эдийн засаг дахь төрийн оролцоо буюу төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэсэн гурван зарчмыг баримтлах аж.
Сахилга бат, хариуцлагын хувьд улс төрийн нөлөө, хамааралтай, мэргэжлийн бус удирдлагууд өнөөдрийг хүртэл байсаар байна. Мөн хяналтгүй төсөвтэй, нээлттэй бус, үйлдвэрийн газрын хууль, эрх зүйн орчин, засаглалын тодорхойгүй байдал зэргийг засаж залруулах зайлшгүй шаардлага тулгарлаа.
Монгол Улсад төрийн өмчит хэдэн компани байна вэ? Өнөөдрийн байдлаар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ)-т тайлангаа ирүүлдэг 122 компани байгаагаас 99 нь толгой, охин болон хараат компани 23 байна. Харин орон нутгийн өмчит компани нь тоолж баршгүй олон бөгөөд тэд тайлангаа ТӨБЗГ-т бус, орон нутгийн удирдлагуудад өгдөг аж.
Олон улсын сайн засаглалын шалгуур үзүүлэлтээр ТӨБЗГ-т тайлангаа ирүүлдэг 99 толгой компанид хөрөнгийн өгөөжийн эрсдэлийн үнэлгээ хийхэд 23 хувь нь дунд, 20 хувь нь өндөр түвшинд байна. Өр төлбөрийн хөрөнгийн харьцаагаар нь үнэлэхэд 40 хувь нь эрсдэлтэй түвшинд хүрчээ. Улсын төсөвт 24.4 их наядын орлого бүрдүүлдгийн 5.8 их наяд төгрөгийг нь төрийн өмчит компаниудын ногдол ашиг, татвар, хураамж эзэлдэг. Харин тэдний төсвийн нийт зарлага 22.5 их наяд төгрөг буюу нийт зарлагын 75 хувийг гаргадаг.
Томоохон төрийн өмчит таван компанийн цэвэр ашиг 4.75 их наяд төгрөг байхад бусад ашигтай ажилласан 51 компанийнх 380 тэрбум, ашиггүй ажилласан 43-ынх нь алдагдал 150 тэрбум төгрөгт хүрсэн аж. Энэ бол өндөр ашигтайг нэмэгдүүлж, алдагдалтайг хасаж, засаж, дундыг барьсан компаниудаа хянаж, цэгцлэх шаардлагатайг харуулсан үзүүлэлт.
Хуулийн ямар шийдэл тусгав
Юуны өмнө төр хуулийн этгээд байгуулах үндэслэл, шалгуурыг тодорхой болгож, хувийн хэвшлийнхэнд бизнесийн үйл ажиллагаа эрхлэх орон зайг тэлэх бодлого баримтлах нь. Үүнд зөвхөн стратегийн ач холбогдол бүхий салбарт төрийн өмчит компани байгуулна. Хувийн өмчит хуулийн этгээд гүйцэтгэх боломжгүй, эсвэл зах зээлийн төвлөрөл өндөртэй салбарт нийтийн зориулалттай үйлчилгээ, дэд бүтцийн компани үйл ажиллагаа явуулж болно. Орон нутагт компани байгуулах салбарын жагсаалтыг баталж, тооцоо, судалгаагүйгээр компани байгуулахыг хориглоно. Чиг үүрэг, үйл ажиллагаа давхацсан төрийн өмчит компаниудыг нэгтгэн нийлүүлж, удирдлага, дэд бүтцийн зардлыг бууруулах гэнэ. Төрийн өмчит компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, зах зээлийн үнэлгээг өсгөн, цаашид хэсэгчлэн нээлттэй компани болгох бодлого баримтална гэжээ.
Н.Учрал: Зарлагаа бууруулаагүй тухайн төрийн өмчит компанийн захирлыг ажлаас нь шууд чөлөөлөх ёстой
Энэ талаар Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учралаас тодрууллаа.
-Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын тухай хуулийг өөрчлөхөд 64 их наяд төгрөгийн хөрөнгө, ТӨК-иудад ажиллаж буй 58 мянган ажилтан, тэнд ажиллаж буй 229 мянга гаруй төрийн албан хаагчийн асуудал хөндөгдөнө. Тиймээс уг хуулийг хэзээ батлах, хэрэгжүүлэх, бүтцийн ямар шинэчлэл хийх вэ гэдэг нь олны анхаарлын төвд байна. Таны баримталж буй гол бодлого юу вэ?
-ТӨБЗГ-аас гаргасан тооцооллоор 64 их наядын өмчид тавих хяналтыг шийдвэрлэх гэж байна. Үүнд эргэлтийн ба эргэлтийн бус, мөн зөвхөн мөнгөөр үнэлэгдэх материаллаг хөрөнгөөс гадна тусгай зөвшөөрөл, оюуны өмч зэрэг багтана. Орон тоог багасган, зардал хэмнэж, ашгийг нь нэмэгдүүлэх гэж байгаа болохоос биш, арван компанийг нийлүүлээд, групп байгуулчихвал одоогийнхоосоо үр ашиг нь дээшлэхгүй. Зөвлөх хоёр компанийн хийсэн судалгаа болон хөндлөнгийн аудитын дүгнэлтийг харах хэрэгтэй.
-Тайлангаа ирүүлдэг гэх 99 компанийг хэд хүртэл цөөлөх бол. Ашиггүй ажилладаг, алдагдал өндөртэй компаниудыг татан буулгасан тохиолдолд хэн чиг үүргийг нь хэрэгжүүлэх бол?
-Энэ асуудалд Засгийн газар шууд, хөндлөнгөөс оролцож болохгүй. Аудитын тайлангаас харахад хуулийн 51 этгээд ашиггүй ажиллаж байна. Ер нь зардал өндөртэй, үнэ тарифтай холбоотой дотац буюу төрөөс санхүүгийн дэмжлэг авдаг цахилгаан, дулааны түгээлтийн компаниудаас бусдыг нь алдагдалтай ажиллуулаад, хараад суух шаардлагагүй. Чиг үүрэг нь хэвээрээ байх шаардлагатай учраас орон тоог нь цөөлөөд, бусдыг нь аутсорсинг маягаар хувийн хэвшилтэй хамтарч болох, эсэхийг судалж байна. Тухайлбал, төрийн байгууллагуудыг мэргэжлийн холбоод нь хариуцаж, төрийн өмчит компаниудад аутсорсинг хийх боломжтой. Түүнээс биш зөвхөн менежментийн хувьчлал хийх нь ч оновчгүй. Зарим компанийг нэгтгэх боломж харагдаж байна. Хэрэв тухайн төрийн өмчит компани ашигтай ажиллаж байгаа бол илүү хөрөнгө төвлөрүүлэхийн тулд IPO хийж болох юм. Ашигтай ажиллаж буй таван компани ч орлогоо нэмэгдүүлэхгүйгээр, “Бид л төсвийн орлогыг бүрдүүлдэг” гэсэн байр суурьтайгаар зардлаа өсгөх нь зохимжгүй. Тиймээс бүтцийн хувьд, тогтолцооны талаас нь зөвөөр харах шаардлагатай. Статусыг тодорхой болгохын тулд Компанийн тухай хуулиар зохицуулна. Ашиг орлого олох нь эн тэргүүний асуудал гэдгээ ойлголцох хэрэгтэй. Төрийн өмчит компаниудыг ялгаатай байдлаар зохицуулахгүй бол наанадаж цалин хөлс, урамшууллын механизм нь харилцан адилгүй байдаг. Яагаад гэвэл ашигтай ажилласан компанийн захирлыг илүү урамшуулах нь зөв. Хоёр жил алдагдалтай ажиллаж, зарлагаа бууруулаагүй бол тухайн төрийн өмчит компанийн захирлыг ажлаас нь шууд чөлөөлөх ёстой.
-Улс төрийн нөлөөллөөс хэрхэн хамгаалахаар хуулийн төсөлд тусгасан бэ. Мөн ТӨБЗГ-ыг ч цэгцлэх шаардлагатай биш гэж үү?
-Төрийн өмчит компаниудын ард улс төрийн томилгоо байдаг. Өндөр зардалтай компаниуд ашиггүй ажилласан ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулаад байгаагийн цаана нь асуудал бий. Тиймээс энэ хуулийг баталж, төлөвлөсөн өөрчлөлтөө хийхийн тулд олон нийтийн дэмжлэг чухал. ТӨБЗГ-ыг цаашид Засгийн газрын харьяа агентлагийн статустай, Монголын төрийн өмчийг бүртгэдэг, бодлогын хэрэгжилтийг хангадаг байгууллага болгохоос биш, компанийн засаглалд хөндлөнгөөс оролцдог, үйл ажиллагааг нь удирддаг байх нь утгагүй. Яагаад гэвэл өмчийн эзэн хяналтаа тавьдаг, харин чаддаг, мэддэг хүн нь үйл ажиллагааг зохицуулаад, менежерийг нь хийгээд явах ёстой.
У.ОРГИЛМАА