“Монполимет” группийн “Тосон” үйлдвэрийн үйл ажиллагааг энэ сарын 5-наас зогсоожээ. Үүнээс үүдэн ажилчид нь цалингаа авах боломжгүйд хүрсэн байгаа. Тиймээс үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийг нийслэлийн Прокурорын газар (НПГ)-ынхнаас шаардлаа. Уг үйлдвэр Булган аймгийн Бүрэгхангай, Төв аймгийн Заамар сумын нутагт олборлолт явуулдаг. Хөгжлийн банкнаас авсан зээлийг нь хянан шалгаж буйтай холбоотойгоор үйл ажиллагааг зогсоосон гэж НПГ-аас мэдэгджээ. Үүнээс шалтгаалан компанийн харилцах дансыг хааж, үйл ажиллагааг нь зогсоосон гэнэ.
“Монполимет” группийн хуульч, өмгөөлөгч Д.Отгонбат “Тосон үйлдвэрийн үйл ажиллагааг боомилж буй явдлаа нэн даруй зогсоохыг шаардаж байна. “Монполимет” группийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг Хөгжлийн банкнаас авсан зээл нь гэмт хэргийн шинжтэй байна гэж яллагдагчаар татсан. Зээлээ бүрэн төлж, барьцаа хөрөнгөө ч чөлөөлчхөөд буй атал эрүүгийн гэмт хэрэг гэж үзсэн нь хууль зөрчсөн үйлдэл. “Монполимет” группийг яллагдагч, эсвэл иргэний хариуцагч, оролцогчоор тодорхойлж мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Тиймээс компанийн харилцах дансыг хаах, эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах нь хууль бус үйлдэл. Байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй, харилцах дансыг нээж өгөөч. Эд хөрөнгө битүүмжлэх, харилцах данс хаах зэргийг гэмт хэргийн хор уршгийг арилгуулах зорилгоор хийдэг. Гэтэл гэрээний эрх зүйн харилцаа дуусчхаад байхад ямар хохирол, хор уршгийг арилгах гээд байгаа юм бэ. Мөрдөн шалгах ажиллагаа хууль, журамд нийцэхгүй байна. Бид 2014 онд Хөгжлийн банкнаас зээл авсан. Үүнийгээ өнгөрсөн онд бүрэн төлж дууссан. Ханшийн алдагдалд 100 гаруй тэрбум төгрөг ч төлсөн” гэв.
“Тосон” үйлдвэрийн ажилчид “Бидний ажил, амьдралын баталгаа болсон үйл ажиллагааг зогсоолоо. Гэр бүлийн, өрхийн орлого тасалдаж, зээл, төлбөрүүдээ төлж чадахгүйд хүрээд байна. Гэнэтийн шийдвэр гаргаж, ажилгүй болгоод буйд нь бухимдаж байна” хэмээж байлаа.
“Монполимет” группийн ерөнхийлөгч Н.Мөнхнасан “Бид зээлээ бүрэн төлөөд дууссан. 126 тэрбум төгрөгийн зээл авсан. Бодлогын алдаанаас үүссэн ханшийн алдагдлыг бүрэн хүлээж, 260 тэрбум болгож Хөгжлийн банканд төлсөн. Одоогоор компанийн бүх дансыг ямар ч мэдэгдэлгүйгээр хаалаа. Манай гэр бүлийн гишүүд болон хэрэгт хамааралгүй компаниудын дансуудыг хүртэл хааж, үлдэгдлийг нь тэглээд байна” хэмээн цахим хуудсандаа бичжээ.
Бэлтгэсэн А.Үүл