Дэлхийн жорлонгүй өдөр өчигдөр тохиосонтой холбоотойгоор “Монголын жорлонгийн ууган холбоо” ТББ-аас мэдээлэл өгсөн юм. ДЭМБ-ын 2023 оны мэдээгээр дэлхий дахинд 3.6 тэрбум гаруй хүн нүхэн жорлон ашигладаг аж. Энэ нь 2013 оныхтой харьцуулахад 380 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Тус холбооны тэргүүн Д.Басандорж “Монгол Улс 900 гаруй мянган өрхтэй. Тэдний 780 гаруй мянга нь нүхэн жорлон ашиглаж байна. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарах шаардлагатай. Азийн хэмжээнд нүхэн жорлонгоосоо салж чадаагүй улс Монгол боллоо. БНХАУ гэхэд тэрбум гаруй хүнийхээ ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдвэрлэж чадсан. Хүний өтгөн ялгадсанд 200 орчим их наяд ротавирус, 20 тэрбум нян, 100 мянган шимэгч хорхойн өндөг бий гэж судлаачид үздэг.
Нүхэн жорлонгоос салж чадахгүй байгаагаас хөрс, ус бохирдуулж, эрүүл мэндэд заналхийлж буй юм. Манай улсад шаардлага хангасан ариун цэврийн 333 560 байгууламж бий. Харин 420 мянган байгууламж шаардлага хангадаггүй. Улаанбаатар хотын хүн амын 40 гаруй хувь нь орон сууцад амьдардаг. Орон нутагт хүн амын 80 хувь нь нүхэн жорлон ашигладаг. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цэвэрлэх байгууламжийн тархмал дэд төвүүдийг шинээр байгуулж, нүхэн жорлонгийн тоог хоёр дахин бууруулна гэж тусгасан. Эрх баригчид энэ амлалтаа хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна” гэв. Мөн НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан “Монгол Улсын 15-69 насны хүн амын 96 хувь нь халдварт бус өвчний эрсдэлтэй амьдарч байна. Хавдар, зүрх, судас, чихрийн шижин, амьсгалын замын тогтолцооны өвчин зонхилдог. Аюулгүй, цэвэрхэн ариун цэврийн байгууламжтай болсноор жил бүр 842 мянга орчим хүнийг нас барахаас сэргийлж чадна гэж дэлхий нийтэд үздэг. Бид жорлонгийн хувьсгал хийх хэрэгтэй” хэмээсэн юм.
Ч.БОЛОР