Иргэдэд экологийн боловсрол олгох, цэцгийн соёлыг таниулах зорилготой “Цэцгийн фестиваль-2024” арга хэмжээ өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. “Misheel walking street”-ийн үүдээр дөнгөж орвол “Цэцгийн фестиваль-2024” гэсэн цайвар ягаан өнгийн хаяг бий. Энэ даруухан хэрнээ өнгө өнгийн цэцэгсээр хүрээлэгдсэн хаягийн цаана цэцэгт дурлагсдын ертөнц байна уу гэлтэй. Монголд анх удаа зохион байгуулсан эл фестивальд иргэд өргөнөөр оролцож буй нь илт. Үүднээсээ эхлээд л шинэхэн ургамал, анхилам цэцэгсийн үнэр ханхална. Тэнд олон төрлийн баглаа, таримал, тасалгааны болон бүх төрлийн ургамлын тохижилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын 1500 гаруй нэр, төрлийн бүтээгдэхүүн байв. Ихэнх нь дахин давтагдахгүй, өөр өөрийн онцлогтой ургамал аж.
Хаалгаар ороод зүүн тийш харвал “Ойм” ногоон урлангийнхан байх аж. Тэднийх уг фестиваль дахь хамгийн олон ургамал худалдаж буй байгууллага. Тус урлангийнхан өөрсдийн нэрийн баглаа бүхий цэцэг, ургамлын тохижилтод нэн шаардлагатай хэрэглэгдэхүүнээр талбайгаа дүүргэжээ. Олон хүн очиж, цэцэг бүрийг нь тайлбарлуулсан ч түүртэх нэгэн байсангүй. Учир нь тэд урьдчилан бэлтгэж, уг фестивальд зориулан цагийн ажилчид хөлсөлжээ. Тэд зөвхөн цэцэг худалдахаас гадна оролцогчдын дунд террариум, хербариум урлах сургалт хийв. Хэдийгээр уг фестиваль үнэ төлбөргүй ч эл сургалтад хамрагдахад 70 000 төгрөг төлж байлаа. Энэхүү урлангийн хамгийн хямд цэцэг нь 7000 төгрөгийн үнэтэй кактус. Дээрх байгууллагынхан “Кактус бол орчны агаарыг цэвэршүүлэхээс гадна арчилгаа хамгийн бага шаарддаг ургамал. Нэг удаадаа том, жижгээс хамаарч 50 мл-ээс нэг литр хүртэл усаар усална. Долоо хоногт нэг услахад хангалттай. Манайхан кактус гэхээр өнгө үзэмж муу, өргөстэй, ногоон цэцэг л гэж боддог. Гэтэл кактус маш олон төрлийн ач тустайгаас гадна зөв ургуулбал үзэсгэлэнтэй том цэцэг гардаг” хэмээв.
“Цэцгийн фестиваль-2024”-ийн үеэр худалдаж буй цэцэгсээс хамгийн үнэтэй нь 500 000 төгрөгийн үнэтэй диваажингийн шувуу байлаа. Харин хамгийн хямд нь 5000 төгрөгийн үнэтэй кактус. Фестивальд оролцогчид кактусаа ихэвчлэн шилэн хорго, өнгө өнгийн вааруудад суулгасан байв. Зарим нь амьтны хэлбэртэй, зарим нь тунгалаг шилэн хорготой байх аж. Харин цэцэг тарих, үрслэгээ суулгах савнууд нь 2000-230 000 төгрөгийн үнэтэй. Фестивальд оролцож буй худалдаа эрхлэгчид талбай ашигласны төлбөрт нэг өдрийн 100 000 төгрөг төлснөө хэлсэн. Тэд анх удаа болж буй фестиваль гэхэд харьцангуй олон хүн цугласан, цэцгийн борлуулалт ч сайн байгааг мөн онцолсон юм.
Тус фестивальд зөвхөн цэцгийн худалдаа төдийгүй ургамал хэрхэн тарих, арчлах талаар болон террариум, хербариум арт урлах сургалт явуулав. Мөн багачуудад зориулсан хүүхдийн жүжиг, тайзны үзүүлбэр, терракота ваар урлах, будах сургалтыг ч зохион байгууллаа. Эдгээр нь манайд тийм ч түгээмэл биш. Анхдагч гэхэд хилсдэхгүй. Тиймээс зорин ирсэн хүн ч цөөнгүй харагдана. Фестивальд оролцогчдын ихэнх нь хербариум буюу цэцгийн хатаамлын урланд дугаарлана. “Herbarium Mongolia” брэндийг үүсгэн байгуулагч Н.Үүрийнтуяа “Манай урлан 2018 оноос хойш зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид өөрсдөө цэцгээ түүж, дараа нь хатааж, түүгээрээ гоёмсог бүтээл хийдэг. “Herbarium Mongolia” брэндийн хувьд Монголд ургадаг цэцэгт ургамлыг иргэдэд таниулах, ургамлаа ашиглан хэрхэн эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн хийх талаар зөвлөгөө өгөхийг хүсдэг. Тиймээс манайх “Mongolian wild flowers” нэртэй, цэцгийн тухай дэлгэрэнгүй тайлбартай ном хэвлэсэн. Монгол, англи хэлээр манайд ургадаг бүх цэцгийн ач тусыг тайлбарлах гэж оролдсон. Манай байгууллага энэ удаагийн фестивальд оролцогчдод хатаасан цэцгээрээ бүтээл хийх боломж олгож байна. Цэцгэн хатаамлаар хүссэн бүтээлээ урлаж, стрессээс ангижрах боломжтой. Бидний сургалт 70 000 төгрөгийн үнэтэй” гэсэн юм.
Бэлтгэсэн У.Сүрэн