Угийн бичиг хөтлөх талаар хүмүүс ярьдаг ч яг ажил хэрэг болгох нь цөөхөн. Гэр бүл хүүхэд залуучуудын төвөөс үүнийг ажил болгож олон сургалт семинар зохиож байгаа нь цагаа олсон ажил боллоо.
Миний хувьд айлд багадаа өргүүлсэн. Нэг өдөр төрсөн ээжийн минь бие муудан дуудагдаад ээжийнхээ гарыг атган суухад орой руу орж билээ. Ер нь бид чинь хэнээс улбаатай хэн бэ гэдгээ мэддэггүй юм байна. Гэнэт л огт оргүйгээс гараад ирчихээгүй байлтай. Удмаасаа таслагдсан мэт төрөл саднаа мэдэхгүй явбал үр хүүхдүүд маань ч генээ хамгаалж чадахгүйд хүрнэ. Тийм учраас угийн бичгээ дорвитой хөтлөхөөр шийдсэн. Би цусан төрөлдөө буюу авга эгчийнхээ талд өргүүлсэн тул бас ч гэж холбоотой өссөн. Гэтэл холын хүнд өргүүлсэн хүмүүс яадаг болдоо. Угийн бичиг анх хөтлөх гэж байхад аргачлалаа олохгүй нэг хэсэг будлиж явсан ч нэг угийн бичгийн загвар олж үзээд өөрийнхөө хэмжээнд хийж эхэлсэн. Энэ маань яван явсаар миний сонирхол болжээ.
Угийн бичгийг хийхэд схем хэлбэрээр, модны мөчир байдлаар, гэрийн буйр хэлбэрээр гээд олон янз байдаг. Хүн өөрийнхөө ойлгоцоор хийж болдог боловч зарим нэг тогтсон тэмдэглэгээ ерөнхий тогтолцоог нь судлах хэрэгтэй. Эрэгтэй хүнийг дөрвөлжнөөр, эмэгтэй хүнийг дугуйгаар, гэр бүл болох юм бол дунд нь холбосон зураас, цусан төрлөөсөө гэр бүл болвол хоёр зураасаар холбох, өргөмөл хүүхдийг гол шугамаасаа зүүхгүй хөндлөвч ашиглах гэх зэргээр тэмдэглэгээ нарийн.
Мөн угийн бичгээ зураг ашиглаад хийвэл одоогийн залуусд илүү ойлгомжтой үзүүштэй. Яаж хийвэл үр хүүхдэд минь үзүүштэй болох бол гэж одоо ч гэсэн олон янзаар туршсаар л явна.
Угийн бичигтээ гэр бүлийнхээ баримталж явдаг амьдралын гүн ухаан, гаргасан амжилт, цээрлэх ёс зэргийг оруулж өгч болно. Тэрнээс биш ямар нэгэн зүйлээр хязгаарлавал хэн хэндээ наалдацгүй үлдээд байх шиг ажиглагддаг.
Угийн бичиг хөтлөхөд гол зүйл материал байдаг. Материалыг нэг өдөрт бүгд цуглачихгүй. Эрэгтэйчүүд ерөнхий юмаа мэддэг ч нарийн зүйлсийг олж хардаггүй. Эмэгтэй хүн нарийн ширийн зүйл цуглуулж анхаарч халамжлахдаа сайн байдаг. Энэ утгаараа гэрийг гийгүүлэгчид маань ураг саднаа холбож хаа явсан газраа нэг бичиг цаастай явж хэний хэн гэдгийг тэмдэглэсээр явбал материал бага багаар цуглуулаарай.
Ингэж чадвал угийн бичиг хөтлөх гэдэг амархан боломжгүй зүйл биш юм. Энэ бол хүн бүрийн анхааралдаа авах асуудал юм. Хүн төрсний эцэст үхэх нь хорвоогийн жам. Гагцхүү үр удам л үлдэнэ.
Хүнийг мөнхлөх зүйл бол гагцхүү ген юм. Үр үлдэх хорвоод угийн бичгээ хөтөлцгөөе гэж уриалмаар байна.