Сансрын долоо хоногийг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг уламжлалтай. Манай улсад энэ сарын 4-10-нд тэмдэглэж байна. Үүний хүрээнд шинжлэх ухаан сонирхогчдын “Гэж юу вэ” хүрээлэл болон “Дүдү” хүүхдийн музейнхэн хамтран “Spaceсon-2024” арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Тэд өнөө жил “Сансар ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд эл арга хэмжээг Улаанбаатар хот төдийгүй 21 аймагт нэгэн зэрэг өрнүүлж буйгаараа онцлогтой. Монголын сансрын салбарт идэвхтэй ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн илтгэл, сонирхолтой хэлэлцүүлгүүд, нүдээр харж, биетээр хийх туршилтууд, асуулт, хариултын тэмцээн зэрэг олон төрлийн сонирхолтой үйл ажиллагааг энэ үеэр зохион байгуулж буй. “Spaceсon-2024” арга хэмжээг өнгөрсөн баасан гарагт нээсэн бөгөөд өчигдрийн байдлаар нийт 2000 гаруй хүүхэд оролцжээ. Тусгайлан бэлтгэсэн тайз, нүүдлийн планетариум, алтан пянз зэрэг зөвхөн “Spaceсon-2024”-өөс л үзэх боломжтой олон сонирхолтой үзмэр тэнд бий. Хаалгаар дөнгөж орсон хүүхдүүд бүгд л уулга алдаж, урьдчилан бэлтгэсэн тайз, орчныг ширтэж, сансрын гайхамшгийг тольдож байлаа.
Тус арга хэмжээний онцлох зочдын нэг нь Монгол Улсын анхны сансрын нисэгч, БНМАУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа байв. Тэрбээр “Дараагийн монгол хүн хэзээ сансарт нисэх вэ” сэдвийн хүрээнд илтгэл тавьсан юм. Түүнийг тайзнаа гарахад хүүхэд багачууд “Жинхэнэ сансрын нисэгч ах ирлээ” хэмээн хөөрцөглөж хамтдаа зургаа авхуулахаар дугаарлан зогсов. Тэрбээр “Сансрын долоо хоног дэлхий дахинаа ид өрнөж буй. НҮБ-ын шийдвэрээр 1999 оноос хойш жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногийг сансрынх болгосон түүхтэй. Энэ салбар хувьсан өөрчлөгдөж, хувийн компаниуд хүчтэй өрсөлдөж эхэлсэн өнөө үед сансар бидэн рүү улам ойртсоор байна. Сансарт нисэх үнэ жил тутамд буурч, хүртээмж улам нэмэгдэж буй цаг үед бид амьдарч байгаа. Сансар биднээс хол, шинжлэх ухаан уйтгартай зүйл биш болж байна шүү дээ. Өнөөдрийн үйл ажиллагаанд хүүхдүүд ч ач холбогдол өгч, маш идэвхтэй оролцож байна. Хүүхэд бүрийн нүдэнд оч гялалзаж байгааг харах маш сайхан. Энэ л бидний зорилго. Намайг бага байхад сансар гэдэг чинь их бүдэг ойлголт байлаа. Хүмүүс тэр бүр мэддэггүй. Тавдугаар ангийн сурагч байхад Юрий Гагарин анх сансарт ниссэн. Түүнийг монголчууд огторгуйн нисэгч гэдэг байв. Бид огторгуйд сансрыг бүхэлд нь багтааж ойлгодог байсан ард түмэн. Тэгж л анх сансартай танилцсан” гэсэн юм.
Тус арга хэмжээний эхлэлд хүүхэд багачуудаас сансрын нисэгчийн анхан шатны шалгалт авсан юм. Ингэхдээ тусгайлан бэлтгэсэн бүхээгт хүүхдүүдийг суулган, толины тусгалд таван хошуу зуруулж байв. Харахад энгийн, хэн ч хийж чадах үйлдэл мэт санагдавч маш хэцүү байсныг хүүхдүүд хэллээ.
“Mars V” төсөл эхлүүлжээ
Манай улсын анхны хиймэл дагуулыг бүтээсэн эрдэмтэд хамтран MOSTA буюу Монголын сансрын технологийн холбоог үүсгэн байгуулж, “Mars V” төсөл эхлүүлжээ. Уг төсөл нь олон улсын сансрын шинжлэх ухаан, технологийн хүрээлэн, сансрын нисэгчдийг бэлтгэх бааз бүхий аялал жуулчлалын загвар хотыг Монголын говьд байгуулах зорилготой юм байна. Энэ талаар MARSA буюу Монголын сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төвийн гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин илтгэл хэлэлцүүлсэн юм. Тэрбээр Ангараг бол бидэнтэй хамгийн ойр орших, хүн суурьшиж болох гараг. Ирээдүйн хүн төрөлхтний хувьд чухал лаборатори, судалгааны талбар. Тиймээс цөөнгүй улс, хувийн хэвшлүүд Ангараг руу чиглэсэн төсөл, хөтөлбөрийг олноор боловсруулж байгааг тодотгов.
“Voyager 1”-т байрлуулсан “Golden record” буюу алтан пянз дээрх дуу авиаг сонсох боломж бүрдүүлсэн нь Сансрын долоо хоногийн онцлох арга хэмжээний нэг байлаа. Энэ нь 1977 онд NASA-гаас хөөргөсөн “Voyager 1” болон “Voyager 2” сансрын хөлөгт байрлуулан огторгуйн уудамд илгээсэн дэлхий дээрх амьдрал, хүн төрөлхтний түүх, соёл, шинжлэх ухаан болон бусад мэдээллийг агуулсан зурвас бүхий пянз гэнэ. “Voyager 1”-ийн 40 жилд зориулан гаргасан “Voyager golden record” пянз Монголд цор ганц байдаг бөгөөд энэ нь Сансрын долоо хоногийн онцлох үзмэрт зүй ёсоор тооцогдох аж.
“Spaceсon-2024” арга хэмжээг анги хамт олон, гэр бүлээрээ зорин ирэх нь түгээмэл аж. Cансрыг хэн сайн мэдэх талаар асуулт, хариултын тэмцээн зохион байгуулж, хүүхдүүд ч олноор оролцож буй харагдана. Тэмцээнд оролцож буй хүүхдүүдээ хүлээх нэгэн ээж “Би хоёр хүүгийнхээ хамт уг арга хэмжээг зорин ирлээ. Өнгөрсөн жил ч оролцсон. Хүүхдүүд минь бараг нэг сарын өмнөөс л хүлээсэн юм. Манайд сансар огторгуйтай холбоотой ийм арга хэмжээг ер нь зохион байгуулдаггүй, бараг л анхных нь байх. Бага хүү минь 10 настай, сансрын нисэгч болох мөрөөдөлтэй. Сансар огторгуй, гараг эрхэстэй холбоотой бүх кино, нэвтрүүлгийг үздэг. Тэр шатаар дөнгөж гараад л гайхаад зогсчихсон. Киноноос л үздэг байсан нисдэг таваг, пуужин зэрэг нь нүднийх нь өмнө байсан учир маш их баярлаж, бас гайхсан. Бүх үзмэрийг үзэж, сайн дурын ажилтнуудаар нэгбүрчлэн тайлбарлууллаа. Бүр сансарт захиа илгээхээр боллоо. Ийм арга хэмжээг үүнээс цааш бүр ч олноор зохион байгуулаасай гэж хүсэж байна” гэсэн юм.
Сансарт дурлагсдын диваажин
Танхимын голд хүүхдүүд гутлаа тайлаад тоглох боломжтой хэсэг бий. Хүүхдүүдийг бэртэхээс сэргийлж зөөлөвч байршуулжээ. Зөөлөвч бүр нь гараг эрхсийг дүрсэлсэн зурагтай бөгөөд хүүхдүүд түүнийг нь ихэд сонирхох аж. Нэг ангийнхан гэмээр 20 гаруй хүүхэд ноцолдон тоглож буй харагдана. Тэд бол нийслэлийн ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн 4в ангийнхан. Ангийн багш Н.Цэцэг “Хүүхдүүд минь сансар огторгуйд их сонирхолтой. Тиймээс сурагчдаа авчирлаа. Нарны аймгуудаар чимэглэсэн тааз, пуужин, сансарт захидал илгээх гэх мэт олон төрлийн сонирхолтой хөтөлбөртэй. Бас хүүхдүүд хүссэнээрээ тоглох боломжтой хэсгийг тохижуулсан нь таалагдлаа. Хичээлийн үеэр хүүхдүүд тэр бүр хөгжилдөж чаддаггүй. Харин энд ангиараа хөөцөлдөж, ноцолдож байна. Тэднийг ийм жаргалтай байгааг харах сайхан. Бид сансарт захидал илгээснийхээ дараа нүүдлийн планетариумд орж, кино үзнэ” гэв. Түүнчлэн нэг удаагийн хэрэглээнээс татгалзахад уриалсан, олон удаа ашиглах боломжтой даавуун уутан дээр хүүхдүүд хүссэнээ зурж, будан, дахин давтагдашгүй, цорын ганц, өөрийн гэсэн ууттай болж, хог хаягдлыг бууруулахад бага ч болов хувь нэмрээ оруулж байв. Бас дахин боловсруулах боломжтой картонон цаасаар зургийн жааз хийж, сансартай холбоотой гэрэл зургийн үзэсгэлэн ч гаргажээ.
Өнөө жилийн арга хэмжээнд сансар сонирхон судалдаг 150 гаруй сайн дурын ажилтан хүүхэд багачуудад үйлчлэхээр бэлтгэжээ. Тэдний нэг нь Б.Оюу-Эрдэнэ юм. Тэрбээр “Би МУИС-ийн Физикийн тэнхимийн оюутан. Хоёр дахь жилдээ энд ажиллаж байна. Багаасаа л сансрыг сонирхон судалдаг байлаа. Одоо ч энэ талаар судлах дуртай, сансрын нисэгч болох мөрөөдөлтэй хэвээрээ. Амьдралын шаардлагаар сансрын нисэгч болж чадахгүй ч гэсэн энд ажиллахаар жинхэнээсээ л сансарт ниссэн мэт мэдрэмж төрдөг юм. Бас надтай адил сонирхолтой хүүхэд багачуудад сансрын гайхамшгийг мэдрүүлэх боломжтой” гэсэн юм.
Түүнчлэн эл арга хэмжээнд Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэн оролцож буй. Тэд танхимын зүүн талд төвхнөсөн бөгөөд ихэвчлэн өсвөр насныхан эл хүрээлэнгийн Сансар судлалын төвийнхний бүтээлүүдийг сонирхож буй харагдана. Тэд “Мазаалай” хиймэл дагуулыг ихэд сонирхох аж. “Мазаалай” нь монгол хүний оюун ухаан, хүч хөдөлмөрөөр бүтсэн бөгөөд 2017 оны долоодугаар сарын 7-нд АНУ-ын Олон улсын сансрын станцаас сансрын тойрогт орсон гэнэ. Түүнчлэн нэг жил 10 сар тасралтгүй сансарт ажиллаж, 2019 онд агаар мандалд унасан юм байна. Энэхүү хиймэл дагуулын төсөл нь орчин үеийн сансрын технологийг сурч мэдэн, эх орондоо үүнийг бий болгож, хүний нөөцөө бэлтгэх анхны алхам байсныг тус төвийнхөн онцлов.
“Spaceсon-2024”-ийг зорин очсоноор сансарт ил захидал илгээж болно. Илгээсэн захидал нь “New shepard” хөлгөөр хөөрч задгай сансарт гаран, “Сансарт хөөрлөө” гэх тамга дарагдан, буцаж ирэх юм байна. Үүнээс гадна Монголд цор ганц байх нүүдлийн планетариумыг сонирхож болно. Тусгайлан бэлтгэсэн нүүдлийн планетариум дотор орсон хүүхдүүд сансрын тухай сонирхолтой баримтат кино үзэн, хоорондоо мэтгэлцэнэ. Нэг нь “Энэ Санчир гараг” гэхэд нөгөөх нь “Үгүй Ангараг” гэх мэтээр мэтгэлцэх аж. Бас пуужин хийж хөөргөн, сансрын нисэгчийн шалгалт өгч, сансарт хөөрөх жингүйдлийг мэдэрч үзэх боломжтой. Хүүхдүүд сансрын нисэгчийн хувцас өмсөж, тавцан дээр үсэрч, жингүйдлийг ийн мэдэрч байлаа. Бас цаасаар онгоц хийж, дрон нисгэж үзэхээс гадна хиймэл дагуул, сансрын судалгааны талаарх сонирхолтой мэдээллүүдээр оюуны цар хүрээгээ тэлж болох нь.
Шинжлэх ухаан, технологи асар хурдацтай хөгжиж буй энэ үед хүүхэд багачуудын мэдээлэл олж авах, сурах арга барил өөрчлөгдөж буй. Тиймээс олон улсын боловсролын салбарын мэргэжилтнүүд, багш нар уламжлалт заах арга барилыг дэвшилтэд АR технологитой хослуулж, интерактив тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнээр дамжуулан боловсрол олгож буй. Тэдний нэг нь “Argun kids” компанийнхан юм. Тэд өөрсдийн зохион бүтээсэн эвлүүлдэг тоглоомоо Сансрын долоо хоногийн үеэр танилцуулсан. Түүнчлэн шинжлэх ухаантай холбоотой буддаг ном, эвлүүлдэг тоглоом, ханын зураг зэрэг хүүхэд багачуудын сонирхлыг татах төрөл бүрийн бүтээгдэхүүнтэй. Тэдгээрээс эвлүүлдэг тоглоомыг нь сонирхох хүүхэд цөөнгүй байв. “Argun kids” компанийнхан “Энэхүү технологийн тусламжтайгаар орон зай, цаг хугацааны хувьд дүрслэн харуулах боломжгүй, хийсвэр зүйлс, тэдгээрийн хөдөлгөөн зэргийг хүүхэд багачуудад ойлгуулахад илүү дөхөм болно. Түүнчлэн гурван хэмжээст хөдөлгөөнт дүрслэлийг видео контенттой хослуулан хүүхэд багачуудад ойлгомжтой, сонирхолтой байдлаар ойлгуулах нь бидний гол зорилго юм. Бид бүтээлч, сонирхолтой, шинжлэх ухаанч агуулга бүхий эвлүүлдэг тоглоомоор дамжуулан бага насны хүүхдүүдэд боловсрол олгож байна” гэв. Тэдний зохион бүтээсэн тоглоомууд 45-80 мянган төгрөгийн үнэтэй гэнэ.
У.ЦЭЦЭГСҮРЭН