Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн захирлаар ажиллаж байсан П.Лхагвасүрэнд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцлээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жил хасан, нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ялыг өнгөрсөн аравдугаар сард оноож байсан юм. Уг ялыг оноохдоо БЗС-д учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг нь шүүх харгалзан үзсэн байдаг.
П.Лхагвасүрэн нь тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд (өнөөгийн Тэргүүн шадар бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд) Л.Гантөмөрийн баталсан тушаалд хүүхдийнхээ нэрийг оруулж, тэтгэлэг олгуулах шийдвэр гаргуулсан хэрэгт буруутгагдсан. Тодруулбал, 2016 оны тавдугаар сарын 26-ны А/221 дугаартай тушаал, түүний хавсралтын 24 дүгээрт хүүхдийнхээ нэрийг оруулж батлуулсан юм. Уг тушаалд зааснаар бол П.Лхагвасүрэнгийн хүү Л.Түмэндэлгэр нь Австралийн “The university of Technology Sydney” сургуульд суралцахаар болж, “Гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ”-г тэрбээр хүүтэйгээ байгуулсан байв. Гэвч БСШУ-ы сайдын тушаал, түүнийг дагалдуулан баталсан гэрээнд заагаагүй “The university of New South Wales” нэртэй сургуульд хүүхэд нь сурч, Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 91.1 сая гаруй төгрөгийн санхүүжилт авсан аж. Түүгээр ч зогсохгүй хүүгээ “The university of New South Wales” сургуульд сурч байхад нь П.Лхагвасүрэн зээл олгох, эргэн төлүүлэх гэрээний хавсралтад заасан орон сууц, автозогсоол зэрэг хөрөнгийн барьцаалбарыг хүчингүй болгосон билээ.
БЗС-гийн захирлын албан тушаалаа ашиглаж ийнхүү хүүхдэдээ давуу байдал олгосныг тогтоосон ч давж заалдах шатны шүүхийнхэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болжээ. Учир нь анхан шатны шүүх шийтгэх тогтоолоо гаргахдаа алдаа гаргаснаас ийнхүү буцаасан байна.