Ирэх сард олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас өчигдөр мэдээлэв. Өвлийн улирлын цаг агаарын ерөнхий төлөвийг тус байгууллагынхан танилцуулсан юм. Тодруулбал, ирэх оны нэгдүгээр сард баруун, төвийн бүс төдийгүй зүүн болон говийн аймгуудын зарим нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх аж. Мөн баруун болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох гэнэ. Ирэх хоёрдугаар сард баруун болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, Увс, Завханы нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй аж.
Нэгдүгээр сарын агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн байхыг дээрх байгууллагаас мэдээллээ. Түүнчлэн Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай аймагт олон жилийн дунджаас ахиу хур тунадастай байх гэнэ. Мөн Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутагт дунджийн орчим цас орох төлөвтэй байна.
Хоёрдугаар сарын агаарын дундаж температур төвийн болон баруун бүсэд олон жилийн дунджаас хүйтэн байх нь. Завхан, Увсын ихэнх, Говь-Алтай аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадастай. Хэнтийн ихэнх, Дорнодын хойд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох гэнэ.
Харин гуравдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх нь. Хур тунадасн олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна.
А.ҮҮЛ