“Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимид агсны 90 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд болж буй энэхүү хурлаар түүний намтар, ажлын замнал, үзэл санаа, үг сургаалыг дурдан, оролцож, батлуулсан хуулиудыг нь одоо ч мөрдөж байгааг онцлов. Үндсэн хуулийн төслийн эхийг баригчийн нөр их хөдөлмөр, асуудлынхаа чиг, голыг алдахгүйг хичээж асан түүний зүтгэл, зарим үндэслэлгүй дайралтад сөхрөөгүй ухаан нь ном, зохиолоос нь тод харагддаг тухай хуралд оролцогчид тэмдэглэсэн.
Б.Чимид 30 гаруй насандаа МУИС-д хууль, эрх зүйн боловсрол эзэмшиж, хуулийн багш, Шүүх яамны сайд, Дээд шүүхийн дарга, ерөнхий арбитрчаар ажиллаж байв. Тэрбээр хууль санаачлахдаа механикаар бус, олон төрлийн харьцуулсан судалгаа, дүн шинжилгээ хийж, уялдаа холбоо, үндэслэлийг нь дүгнэн, шийдэл бүрийг нь тайлбарлан таниулж, зөвлөгөө өгч, зөв голдиролд нь чиглүүлдэг байжээ. Үндсэн хуулийн эхийг барих ажлыг Б.Чимид нэр төртэй гүйцэтгэн, хуулиар тогтоосон шинэ ёс, эрхэм зорилгыг олон түмэн, төрийн түшээдэд ухуулан таниулах, буруу зөрүү хэрэглэхээс сэргийлэх, нийтээр дээдлэн шүтэх ёсыг төлөвшүүлэх ажлыг гойд хийснийг энэ үеэр онцлов.
Б.Чимид агсны охин Ч.Сайнсанаа аавынхаа үйл хэргийг “Чимид сан”-гаар дамжуулан үргэлжлүүлэн, мөнхжүүлэхээр хууль зүйн судалгаа шинжилгээ болон эрх зүйн салбарт олон төрлийн үйл ажиллагаа явуулдгийн нэг нь энэхүү эрдэм шинжилгээний хурал юм. Тэрбээр “2013 оноос хойш аавынхаа 80, 85 насны ойгоор тус эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, АНУ, Герман, ОХУ, БНХАУ, БНСУ, Японы эрдэмтэн, судлаачдыг оролцуулж байв. Энэ удаагийн хуралд АНУ, Герман зэрэг орны зочид илтгэл хэлэлцүүлсэн” гэж ярилаа.
М.ГЭГЭЭ