Монополын эсрэг газар буюу хуучнаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хууль бус зар сурталчилгааг буулгуулж, зөрчлийг арилгуулсан байна. Тус газрынхан иргэдээс ирүүлсэн “Гудамж, талбай, орон сууцын гадна хана болон цахим орчинд электрон тамхины зар сурталчилгааг тогтмол түгээж байгаад хяналт тавьж өгнө үү” гэх гомдлын дагуу хяналт шалгалт хийжээ. Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд авто зам дагуу байршуулсан тулгуурт рекламын самбар, 17 дугаар хороонд байрлах “Vookbar” брэндийн электрон тамхины худалдаа, хэрэглээг дэмжсэн сурталчилгааг олон нийтэд ил харагдах байдлаар байршуулсан байсныг шалгалтаар тогтоосон аж.
Дээрх самбаруудыг Зар сурталчилгааны тухай хуулийн долоодугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзсэн байна. Тухайлбал, тус хуулийн “Хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зар сурталчилгаа байрлуулсан” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн дүгнэсэн аж. Тиймээс хууль бус зар сурталчилгааг буулгаж, зөрчлийг арилгуулжээ.
Дээрх хуулиар “өөрийн барааг бусдынхтай ижилсгэн сурталчилсан”, “бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд харшлах”, “хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” зар сурталчилгааг хууль бусад тооцдог юм байна.