“Манай байгууллагынхан шинэ жил тэмдэглэхгүй” гэх яриаг та энэ жил хааяагүй сонссон байх. Өмнөх жилүүдэд ийм яриа төдийлөн гардаггүй, харин “Шинэ жилээ хэзээ хийх вэ” л гэлцдэг байлаа. Тэгвэл энэ удаад аж ахуйн нэгж, байгууллагууд нүсэр үдэшлэг хийж, хүн бүрийг татан оролцуулдаг уламжлалаасаа татгалзаж, тэр хэрээр төсөв хэмнэн, бас ажилтнууддаа ачаалал үүсгэдэг жишгийг халж эхэлжээ. Өдөр тутам хамт ажилладаг хүмүүс байгууллагын шинэ жил хэмээх нэрийн доор нэг оройг наргиж цэнгэн, ууж, идэн өнгөрөөж, тэр хэрээр өчнөөн зардал урсгадаг, ямар ч бүтээмжгүй, ач холбогдолгүй эл уламжлал монголчуудад дэвшил, хөгжил авчрах бус, харин дарамт л учруулсаар ирсэн гэхэд буруудахгүй.
Шинэ жилийн үдэшлэгээс татгалзаж, төсвөө хэмнэсэн аж ахуйн нэгж, байгууллагын олонх нь ажилтнуудаа урамшуулахаар болжээ. Бас зарим байгууллага арванхоёрдугаар сарын 30-31-нд ажилтнуудаа цалинтай амраахаар болсон аж. Нөгөөтээгүүр, улс орны эдийн засгийн байдал тааруугаас орлого нь муудаж, үйл ажиллагаагаа хумьсан зэрэг шалтгаанаар шинэ жил тэмдэглэхгүйгээр шийдвэрлэсэн байгууллага ч бий гэнэ. Зарим аж ахуйн нэгж бүр цар тахлын үеэс эхлээд л дээрх уламжлалыг халж, оронд нь ажилтнуудаа, тэдний хүүхдүүдийг нь баярлуулахад анхаардаг болжээ.
“Ер нь байгууллагын шинэ жилийг хэт нүсэр тэмдэглэдэг уламжлал хэдхэн жилийн дараа бүрмөсөн устах байх. Үүний эхлэл нь хэдийн ажиглагдах болсон” гэж нэгэн иргэн нийгмийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлжээ. Түүнчлэн маш их утаатай, түгжрэлтэй, ханиад, томуу ихтэй энэ үед шинэ жилийн гоёл, үдэшлэгт л анхаарч, юу ч болоогүй, бүх зүйл сайхан мэт баярлаж цэнгэх хүсэлгүй гэдгээ илэрхийлсэн иргэд ч байна. Тэд “Энэ өвлийг яаж ханиадгүй, өвчин зовлонгүй, стресс багатай даван туулах вэ гэж бодож байгаа. Шинэ жилийн үдэшлэгт зарцуулах илүүдээ гарсан мөнгө, энерги, сонирхол ч алга” гэх мэтээр цахим орчинд үзэл бодлоо илэрхийлжээ. Тэгээд ч шинэ жил бол гэр бүлийн баяр болохоос бус, бүх нийтээрээ ууж, идэж, архидалтыг хөхиүлэн дэмжих шалтгаан биш. Олон улсад ч эл баярыг гэр бүлээрээ цомхон тэмдэглэн өнгөрдөг.
М.ОЧ