НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлсэн “Улс орны хөтөлбөр”-ийн 2024-2025 оны хэрэгжилт, ирэх жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх уулзалтыг холбогдох яамд, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрынхан зохион байгууллаа. Энэ үеэр хүүхэд хамгаалал, өсвөр үеийнхний нийгмийн хөгжил, оролцоог нэмэгдүүлэх талаар илүүтэй ярилцсан байна. Мөн өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн Хүүхэд хамгааллын тухай шинэчилсэн хуулийг олон нийтэд сурталчлах, хүүхдийн эрх, хамгааллын статистик тооцох аргачлал, маягтын дагуу мэдээлэл боловсруулж, дүн шинжилгээ хийх бүхий цахим нэгдсэн санг ирэх онд хөгжүүлэхээр болжээ.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хамтарсан багийн гишүүд, байцаагч нарыг чадавхжуулах, гэр бүлүүдийг дэмжих бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг хянах зэрэг ажлыг цаашид эрчимжүүлэх аж. Хуулийн хүрээнд хүүхдийн эрхийн байцаагч нарыг улсын хэмжээнд ажиллуулахаар болж, орон тоог нь Засгийн газрын тогтоолоор 16 мянган хүүхэд тутамд нэг байхаар шийдвэрлэсэн билээ. Өнгөрсөн хугацаанд улсын байцаагч нар хүүхдийн эрх хамгааллын 131 зөрчлийг шалгаж, шийдвэрлэснийг хурлын үеэр онцлов. Тэгвэл Хүүхдийн эрхийн хууль зүйн хороогоор өнгөрсөн онд 1840 хүүхэд үйлчлүүлсэн гэнэ. Харин энэ оны III улиралд 1462 хүүхэд тус хороонд ханджээ. Улсын хэмжээнд өдгөө хүүхдийн эрхийн 48 байцаагч давхар чиг үүрэгтэй ажиллаж байгааг албаныхан хэлсэн.
М.ГЭГЭЭ