Дамаск хотыг эзэлж, Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг унагаж, шоронд байсан улс төрийн хоригдлуудыг сулласнаа Сирийн босогчид төрийн телевизээр өглөөний 06.00 цагт мэдээлэв. Хотын оршин суугчид гадаа гарч, энд тэнд буун дуу сонсогдоно. Ирж буй цаг үеэ босогчид “шударга бус эриний төгсгөл” гэж нэрлэж байлаа. 2011 онд Сирид иргэний дайн эхэлснээс хойш Башар Асадын дэглэм дайснуудаа “Сайеднай” гэх шоронд хорих болсон. Дайны эхний таван жилд маш нууц байдалд 5-13 мянган хүн цаазалсан гэдэг. Улсын эрхийг авсан Ерөнхий сайд Мухаммад Гази аль-Жалали Сирийн ард түмний сонгосон ямар ч удирдлагатай хамтран ажиллахад бэлэн гэж мэдэгдэв. Хариуд нь эрх мэдлийг албан ёсоор шилжүүлтэл төрийн байгууллагуудыг Ерөнхий сайдын хяналтад байлгахаар босогчид шийдлээ.
Ерөнхийлөгч Башар Асад чухам хаана байгаа нь тодорхойгүй аж. Түүний аюулгүй байдлыг хангаж байсан тусгай гвард гэгч албан байрлалаа орхиод сураггүй болжээ. Дамаскийн буудлаас хувийн ганц онгоц ниссэн нь Москваг зорьсон гэсэн мэдээ байна. Сирийн армийн аюулаас хамгаалах хүчний олон зуун албан хаагч хуучин дэглэм нурсны улмаас халагдана гэх сураг дуулмагцаа дүрэмт хувцсаа тайлжээ. Дамаскийн олон улсын нисэх онгоцны буудлын ажилтнууд бүгд ажлаа орхив. Ингэснээр тус буудлын үйл ажиллагаа бүрэн зогсжээ. Олон түмэн нь Башар Асадын дэглэмийг унагасан баяраа тэмдэглэхээр Дамаскийн төв талбайд цугларчээ.
Башар Асад 2000 онд эцгээ нас барсны дараа эрх мэдэлд хүрсэн бөгөөд тэрбээр 1971 оноос Сирийг захирч байсан Ерөнхийлөгч Хафез Асадын хүү юм. Асад алавитуудын сектийн төлөөлөл, түүний удам ч энэ сектэд хамааралтай. Асадыг эцгийнхээ адил улс төрийн өрсөлдөгчдөдөө хатуу ширүүн хандаж, Сирийн ардчилсан бүтцийг бүрэн үгүй хийсэн гэж буруутгадаг. “Арабын хавар” гэх нэрээр Арабын ертөнцийн хэд хэдэн оронд өрнөсөн үйл явдлын салхиар Сирид 2011 онд иргэний цуст дайн эхэлсэн юм. Эцэст нь Асадын дэглэм Сирийн нутаг дэвсгэрийн үлэмж хэсгийг алдсан. Гэвч Сирийн хотуудыг хоморголон бөмбөгдсөн Оросын армийн дэмжлэгийн хүчинд тогтож үлдсэн байдаг. Асадыг Ираны удирдлага бас идэвхтэй дэмжсэн юм.
Өнгөрсөн сарын 27-нд “Хайят Тахрир аш-Шам” байгууллагаар толгойлуулсан исламын бүлэглэлүүдийн эвсэл Башар Асадын Засгийн газрын хяналтад байсан газар нутаг руу давшилтаа эхлүүлжээ. Хоёр өдрийн дараа Алеппо хотод орж очив. Дараа нь Хам, удалгүй Дамаскийг Газар дундын тэнгисийн эрэгтэй холбодог стратегийн чухал хот болох Хомс руу хөдөлсөн байна. “Засгийн газрын цэрэгтэй “ширүүн тулаан” хийж байж олон объектод нь хяналтаа тогтоолоо” гэж Сирийн хүний эрхийг хамгаалах төв мэдээллээ. Хоёр өдөр өнгөрөхөд сөрөг хүчний зэвсэглэсэн отрядууд болон жихадистууд Дамаскийг эзлэхэд Ерөнхийлөгч Башар Асад эх орноосоо гараад явчихсан байлаа. “Төр засгийн эрхийг амгалан тайван өгөлцөж, авалцана” гэж босогчдын удирдагч Абу Мохаммед аль-Жулани хэлсэн бөгөөд зэвсэгтэй хүмүүсийг төрийн байгууллагуудад ойртох, гал нээхийг хатуу хоригложээ. Аль-Жулани өөрийн Ахмед Шаара гэдэг төрөлх нэрээ сэргээсэн нь иргэний удирдагчийн үүрэг гүйцэтгэж буйгаа олонд харуулах, магадгүй цаашдаа улсдаа ямар алба хашихаа тооцоолсон байж ч болох тухай хэвлэлд тэмдэглэсэн байх юм.
Зэвсэгт дайчид нийслэлд орж ирээд баруун дүүрэгт нь байх Ерөнхийлөгчийн өргөөнд нэвтэрч “Аллах акбар” (Аллах агуу) гэж хашхиралдаж байжээ. Засгийн газар, Аюулаас хамгаалах хүчний ажилтнууд бүгд ажлын байраа орхижээ. Асадын ганцаар захирах дэглэмийг унагасныг АНУ-аас дэмжлэг авдаг Сирийн ардчилсан хүчний удирдагч Маслум Абди “түүхэн үйл явдал” гэж нэрлэсэн байна. “Ардчилал, шударга ёсонд суурилсан, бүх сири хүний эрхийг баталгаажуулсан шинэ Сири улсыг байгуулах боломжийг эл үйл явдал олгоно” гэж тэр хэлжээ. Дамаск хотын төвд цугласан баярлаж хөөрсөн олон түмэн Төрийн тэргүүн байсан Хафез Асадын цээж баримлыг унагаж дэвсэлж байгаа зургийг энэ сарын 8-нд “Франс пресс” агентлаг хүмүүст харуулсан аж.
“Wall street journal”-д мэдээлснээр Египет, Йорданы төрийн албаны хүмүүс Асадад хандаж улсаасаа гарч явахыг, сөрөг хүчнээ оролцуулсан түр Зөвлөл байгуулахыг санал болгож байжээ. Асад өөрөөсөө өмнө гэргий, хүүхдүүдээ Орос руу явуулсныг зарим хэвлэл мэдээлж байсан аж.
“New York times”-д тэмдэглэснээр Башар Асадын гол гурван холбоотон Иран, Орос, Иранаар дэмжүүлсэн Ливаны “Хезболла” хөдөлгөөн энэ цаг үед Сирийг анхаарах завгүй яваа. Тэд Израил, Украины дайн гээд хоолойгоор татсан их ажилтай байна. Сүүлийн үеийн мэдээнээс үзвэл Башар Асад суудлаа орхиж, улс орноосоо гарч явахдаа эрх мэдлээ тайван замаар шилжүүлэхийг захисан аж. Түүнийг гарч явахынхаа өмнө зэвсэгт тэмцэлд оролцогчидтой яриа хөөрөө хийхэд Оросын төлөөлөгч байлцаагүй гэнэ. Харин Латаки, Тартус хотын ойролцоо байрласан Оросын цэргийн баазууд байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд буй юм байна. Дамаск дахь Ираны Элчин сайдын яамыг зэвсэглэсэн хүмүүс эзэлж авчээ. Оросын Элчин сайдын яам, түүний ажилтнуудын байдал хэвийн гэнэ.
Сирийн Ерөнхий сайд Мухаммад Гази аль-Жалали “Энэ орон хөршүүд хийгээд дэлхий дахинтай сайн харилцаатай, хэвийн байж болно. Сирийн ард түмний сонгосон удирдагчаас энэ нь шалтгаална” гэж мэдэгдээд байгаа аж. Башар Асад хаана байгааг тэрбээр мэдэхгүй гэнэ. Сирийн цэргийнхэн Батлан хамгаалах яамаа орхин явж, радио, телевизийн төв нь босогчдын гарт оржээ. Засгийн газрынхны амьдардаг хороололд ч буун дуу сонсогдож буй нь босогчид баяраа тэмдэглэж, дээш буудаж буйн чимээ гэнэ.
Гадаад ертөнц Сири дэх үйл явдалд хэрхэн хандаж буйг сонирхвол, Москва анхааралтай ажиглаж, Дамасктай тогтмол холбогдож байгаа аж. Катарын нийслэл Доха хотод болж буй яриа хэлэлцээрт оролцогч Орос, Иран, Туркийн болон Арабын зарим улсын төлөөлөгчид мэдэгдэл гаргаж, зөрчил тэмцлийг улс төрийн аргаар шийдвэрлэхийн чухлыг онцолсон байна. Дональд Трамп “Энэ бол бидний тэмцэл биш, өөрсдийнхөө дүрмээр тэд тоглож л байг” гэж хэлжээ. Сирийн хэрэг явдалд Вашингтон хуруу ч, хошуу ч дүрэхгүй бололтой. “Сирийг Орос алдвал ЗСБНХУ-ын хэрэгжүүлсэн Газар дундын тэнгис, Ойрхи Дорнод дахь цэрэг, улс төрийн түшиц газаргүй болно гэсэн үг. Хаясан асар их хөрөнгө нь үр ашиггүй алга болно. Ираны хувьд Израилыг тойруулан “галт цагариг” бий болгох олон жилийн стратеги нь бүрмөсөн нурна. “ХАМАС, “Исламын жихад” нь Газын зурваст бут ниргүүлж, “Хезболла” ихээхэн хохирол үзлээ” хэмээн Израилын цэргийн шинжээч Давид Гендельман байр сууриа илэрхийлжээ. Ливанаас Асадад зэвсэг, хүн хүч нийлүүлж байсан замыг нь Израилын арми тасалж орхиж. Асадад бодитой тусламж үзүүлэхийн тулд эртнээс ихээхэн хүч илгээх хэрэгтэй байж. Одоо бол ямар ч боломжгүй, хэрэгцээ ч үгүй боллоо.
Асадын холбоотнууд түүнд туслах үүргээсээ татгалзаж буй нь илт болж байна. Оросууд Сириэс явахаар зэхэж, ачаа бараагаа баглаж байна гэнэ. Израилтай залгаа хилийн дагуу байх Оросын цэргийн ажиглах байрууд эзэнгүй болж, Асадын дайснуудын мэдэлд очжээ. Сири дэх Оросын агаараас эсэргүүцэн хамгаалах комплексын нэг хэсэг байсан “Подлет” гэдэг радио станцыг босогчид эзэлж авсан байна. Зарим тоймчийн үзэж буйгаар Дамаскт олигтойхон тусламж үзүүлэх нөөц Орост байхгүй болсон янзтай. Сирийн босогчдын дайралтыг Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоан “сөрөг хүчний марш” гэж нэрлэжээ. Нөхцөл байдлыг зохицуулахыг Асадад тэрбээр хэлж байсан ч “нааштай хариулт” аваагүй аж.
Асадын дэглэм рүү хийсэн саяны довтолгооныг исламистуудын “Хайат Тахрир аш-Шам” бүлэглэл толгойлжээ. Энэ нь “Аль-Кайда”-гийн Сирийн жигүүрийн үлдэгдэл юм байна. Энэ удаад Сирийн босогчдын эвсэл Асадын дэглэмийг унагахыг гол зорилгоо болгожээ. Тэгээд ард түмнээс сонгогдсон төр засагтай болохыг зорино. “Хайат Тахрир аш-Шам” бүлэглэл Иблибт төвлөрч, Катараас санхүүжилт авдаг аж. АНУ, Франц болон Өрнөдийн бусад орноос дэмжлэг хүлээдэг, Америкаас санхүүжилт, зэвсэг авдаг “Сирийн ардчилсан хүчнүүд” гэж бас нэг бүлэглэл бий. Тус бүлэглэл Асадын дэглэмд Ираны тусламж орж ирдэг хилийн нүх, сувгийг хааж чаджээ. Урьд нь Асадад зүтгэж байсан олон хүн элссэн “Сирийн чөлөөт арми” гэгч Сирийн зүүн нутагт буюу Йордантай залгаа хил дээр Засгийн газрын цэрэгтэй тулалдсан байна. Химийн зэвсэг хадгалж байх өндөр магадлалтай Асадын армийн агуулахад Израилын Агаарын цэргийн хүчин цохилт өгч, Сирийн босогчдод дэмжлэг үзүүлжээ. Гэхдээ дараа нь тэд яаж ашиглахыг урьдчилан мэдэх боломжгүй тул үхлийн аюултай хөнөөлт зэвсэг босогчдын мэдэлд очихоос иерусалим сэрэмжилсэн гэнэ.
Босогчдын бүх хүчний төлөөллийг оролцуулсан үндэстнээ аврах зөвлөл байгуулахаар босогчдын тэргүүн Жулани төлөвлөжээ. Ингэхдээ Асадын армийн цэрэг, офицерууд болон босогчдын талд орж ирэгсдэд өршөөл үзүүлэхээ амласан байна. Жуланийг яггүй авьяаслаг улс төрч гэж үнэлж буй бололтой. Тэрбээр өөрийнх нь хүчинд зэвсэгт эсэргүүцэл үзүүлээгүй хэнд ч халдахгүй хэмээжээ. Бас шүтэж бишрэх эрх чөлөөг иргэдэд адил тэгш эдлүүлэх аж.
Одоо хоёр асуудал анхаарал татаж буй нь нэгт “Яагаад Сирид ийм явдал тохиолдов, хоёрт, Орос, Иран хоёр яагаад гараа хумхиж суув. Юуны урьд үйл явдлыг ийм байдалд хүртэл нь газар авхуулж, тус бүс нутаг дахь гол холбоотноо авралгүй, эцэст нь, геополитикийн хүнд ялагдал хүлээсэн Оросыг ихээхэн буруутгаж байна. Орос өөрийн холбоотон болон түншдээ харилцан ашигтай байдалд л түшиглэж тусламж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байсаар ирсэн. Сирийн эрх баригчдын хүсэлтээр тусламж үзүүлэхээр 2015 онд оросууд очсон юм. Хэд хэдэн чухал зорилт тавьсны хамгийн гол нь “Исламын улс”-ыг дарж авсан явдал.
Энэ хөдөлгөөн Ойрхи Дорнодыг дарж аваад улам хүчирхэгжиж, гарцаагүй Дундад Ази руу хөдөлж Оросын хилд тун хурдан тулж ирнэ. Чухам энэ нь Оростой байлдуулахаар Украиныг Өрнөд турхирах үетэй давхацвал оросууд хоёр чиглэлд хүндхэн дайн хийхэд хүрэх байв. Сири дэх ажиллагаа Оросын нөлөөг манай гаргийн нэгэн чухал бүс нутагт чанарын шинэ түвшинд гаргаж, гол тоглогчийн нэг болгосон. Түүнээс гадна 2015 онд Сирид үзүүлсэн Оросын тусламж энэ улсын нутаг дэвсгэрийг, тодруулбал, эрчим хүчний салбарт ашиглах гэсэн Өрнөдийн төлөвлөгөөг тас цохисон байна.
Эцэст нь өөрийн хувь заяаны төлөөх хариуцлагыг улс орон тус бүрдээ үүрч, гаргасан шийдвэрийнхээ төлөө төлөөс төлж, үйл ажиллагаагаа бие дааж явуулдаг жамтай.