Эдийн засаг, хөгжлийн яам болон Шинжлэх ухаан, технологийн сангаас эрдэм шинжилгээний шилдэг бүтээлүүдийг өчигдөр тодрууллаа. Өнөө жил Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлээр 10 ном, долоон өгүүллийг шалгаруулжээ. Шилдгээр тодруулсан зарим бүтээлийг танилцуулъя.
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн “Монгол Улсын түүх XX-XХI зуун” таван ботийг 2024 оны шилдэг бүтээлээр тодруулжээ. Эл бүтээлийн судалгааны багт Түүх, угсаатны зүй, Философийн хүрээлэн, МУИС, МУБИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Үндэсний төв архив, “Чингис хаан” үндэсний музей зэрэг байгууллагын 26 эрдэмтэн, судлаач ажилласан гэнэ. Мөн тус академийн Философийн хүрээлэнгийн Бодлого судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор А.Цанжидын “Шинэ нөхцөл дэх шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого” бүтээлийг 2024 оны шилдгээр өргөмжлөв. Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Т.Аззаяагийн “Гал түймрийн шалтгаан нөхцөл: Химийн бодис” бүтээлийг шилдгээр зарласан юм. Энэ бүтээл нь галын физик, химийн процессыг тайлбарласан, шатдаг болон шатамхай бодис, материалын шинж чанар, шаталтаас үүссэн бүтээгдэхүүний хоруу чанар зэргийг нэгтгэн тоймлосон гал түймрийн тухай онолын анхдагч, суурь материал болох боломжтойг салбарынхан нь онцоллоо.
Үүнээс гадна МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессор, доктор С.Батхишиг, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дэд профессор, доктор С.Дашдэжид нарын “Гэсэрийн туужийн хэл, уран зохиолын судалгаа”-г энэ оны шилдэг бүтээлээр шалгаруулсан юм.
У.СҮРЭН