УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа ирэх оны нэгдүгээр сард багтаан өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн багш, ажилтныг 7-14 хоногийн цалинтай чөлөө олгох санал гаргаж, Боловсролын сайд П.Наранбаярт хүргүүлжээ. Ингэхдээ Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ирүүлсэн саналыг үндэслэсэн гэнэ.
Тодруулбал, цэцэрлэгийн багш нарын ажлын ачаалал, байгаль, цаг уурын байдал, томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа зэргээс шалтгаалан цалинтай чөлөө олгож, ээлжлэн амраах зохицуулалт, арга хэмжээг авч өгөхийг салбарын сайдаас хүсэж буйгаа саналдаа тусгажээ. Мөн цэцэрлэгийн багш, ажилтнуудыг эмнэлэг, сувиллаар үйлчлүүлэх, амрах, дархлааг нь дэмжих ажлыг бүх шатны Засаг дарга нар, эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулах боломжтойг ч дурдсан байна.
Ташрамд дуулгахад, улсын хэмжээнд 1400 орчим цэцэрлэгт 274 мянга гаруй хүүхэд хамрагдаж буй юм. Хүүхдүүдэд 33 мянга гаруй багш, ажилтан боловсролын үйлчилгээ үзүүлж байна.
Ч.ТУЯА