Он солигдоход ердөө 21 хоног үлдлээ. Шинэ жилийн уламжлалуудын нэг нь хүүхдүүдэд бэлэг өгөх. Иргэдийн олонх нь гэр бүлийнхэн, тэр дундаа хүүхдүүдээ баярлуулдаг уламжлалтай. Энэ утгаараа хүүхдийн бэлэг нэлээд эрэлттэй болдог. Үүнтэй холбоотойгоор хүүхдүүдэд чанаргүй, баталгаагүй бүтээгдэхүүнээс бүрдсэн бэлэг өглөө гэсэн шүүмжлэл жил бүр л гардаг. Тиймээс өнөө жилийн баяраар хүүхдүүдэд нэмэлт чихэр, өнгө, будаг оруулагчгүй, тэдэнд илүү хэрэг болох, бүтээлч ямар бэлэг өгч болох талаар шинэлэг санаа хайлаа.
Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхэд зориулсан, эрүүл мэндэд ээлтэй, модон тоглоомууд нь бага насныханд нэн тохиромжтой бэлэг болох нь гарцаагүй. Ийм тоглоомуудыг манайд “Eco toy”, “Avdar toys” “Модхон” брэндийнхэн худалддаг юм байна. Өнгө, загвар, хэмжээнээсээ хамаараад нэг бэлгийн багц 35 мянган төгрөгөөс дээш үнэтэй аж. Мөн хүүхэд багачуудын сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилготой, төрөл бүрийн сонирхолтой зураг бүхий эвлүүлдэг тоглоомуудыг ч бэлэглэж болох нь. Нас насны ангилалд зориулан бүтээсэн, янз бүрийн зурагтай ийм тоглоомуудыг “Engum puzzle” компанийнхан олон төрлөөр нь худалддаг аж.
Бас сонирхолтой лего тоглоомуудыг сонгох боломжтой. Тухайлбал, “Toodooloi” брэндийн тоглоомууд 100 гаруй төрлийн сонголттой гэнэ. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ нас болон сэтгэлгээний онцлогт нь тохируулан бэлгийг нь сонгох боломжтой. Мөн эл байгууллагынхан хөдөлдөг ном худалддаг юм байна. Уг ном нь хуруун хүүхэлдэйтэй гэдгээрээ онцлог. Хүүхдүүд хуруугаараа тухайн үлгэрийн баатрыг “амилуулах” юм байна. Ийм ном 4900, харин лего тоглоомууд нь 14 900-29 900 төгрөгийн үнэтэй аж.
Үүнээс гадна шинэ жилийн баяртай холбоотой, зургаар баяжуулсан ном бий. Тэдгээр нь хүүхдүүдэд шинэ жилийн баярын утга учрын талаарх мэдлэг, ойлголт өгөхийн зэрэгцээ төсөөллийг нь баяжуулдаг ач холбогдолтой. Мөн хэзээ ч трендээс гардаггүй бэлэг бол зөөлөн тоглоом. Олон төрлийн амьтан, ургамал, хүүхэлдэйн киноны баатрын дүрслэлтэй чихмэл тоглоом авсан хүүхэд баярлах нь гарцаагүй.
Ташрамд дурдахад, хэрэв та хүүхдэдээ тоглоом сонгох гэж буй бол тэдний биед хортой химийн бодис агуулаагүй, аюулгүй загвар хийцтэй, эсэхийг нь сайтар шалгаарай. Жишээ нь, хуванцар материалтай тоглоом сонгохдоо хүүхэд хэрэглэхэд аюулгүй гэсэн тэмдэглэгээтэйг авах нь зүйтэй.
У.Сүрэн