42 дахь удаагийн “Болор цом” наадамд яруу найрагч Аюурбуньяагийн Лхагва “Морин хуурын хэл” шүлгээрээ тэргүүн байр эзэлсэн билээ. Яруу найргийн их наадамд энэ жил 198 найрагч бүтээлээрээ өрсөлдсөн юм. Монголын зохиолчдын эвлэлийн болон Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч А.Лхагвын “Болор цом”-ын тэргүүн шүлгийг бид өмнө нь нийтэлж байсан. Тэгвэл энэ удаад бусад уран бүтээлээс нь уншигчдадаа хүргэе.
Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат тэрбээр шүлгийн анхны номоо 1994 онд “Соёолон морьдын тоос” нэртэйгээр хэвлүүлжээ. Улмаар 2004 онд “Сарны дарс” номоо уншигчдын хүртээл болгосон аж. Үүнээс 10 жилийн дараа буюу 2014 онд “Нүүдэлчний тэнгэр”, 2019 онд “Дөрөөн дээрээ...” найргийн номоо тус тус хэвлүүлжээ. Түүнчлэн “Дэлгэр найрын хоймор”, “Сэтэрт тал” зэрэг 100 орчим дууны шүлэг бичиж олны хүртээл болгосон юм. Яруу найрагч А.Лхагва мөн “Монгол зураачид” хөрөг нийтлэлийн таван цуврал ботийг бичиж, уншигч олондоо өргөн барьжээ. Тэрбээр өдгөө Монголын урчуудын эвлэлийн “Дүрслэх урлаг” сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байна.
Нүүдэлчний тэнгэр
Өвс сэвэлзэхэд салхин аялгууг
Мэдэрдэг
Үүлс нүүхэд тэнгэрийн тааврыг
Таньдаг
Шувуун сүүдрээс ёр билгийг
Тайлдаг
Шуурга цас, хур борооноос
Өөрийгөө олдог
Харз усан нүдтэй гэдгийг мэддэг
Хад чулуу чихтэй гэдгийг хэлдэг
Нүүдэл дундаа жаргадаг
Нүүх тусмаа жаргадаг
Тэнгэр минь гэх нүүдэлчин
Тэнгэртэйгээ хамт нүүж явна
Сүүдэр гэрэлгүй нэгэн бие
Сүүжний нүхэнд яагаад хярсныг
Замаг ширэлдсэн нуурандаа
Загас яагаад нүдээ аньсныг
Хүн чулуудын зүрх яаж цохилдгийг
Хөлгөн их туульсын хөг юунд ээдэрснийг
Хөхрөх энэ тэнгэр мэднэ
Дөрвөн далайг хэн цалгиасныг
Дөрөөн сэнж хэзээ тасарсныг
Газрын тархи яагаад хөдөлдгийг
Галын амьсгал юу шивнэдгийг
Ганцхан энэ л тэнгэр мэднэ.
Далайг цавчилсан морьдоороо
Далайг цалгиасан эрчүүлийг
Наранд хүрсэн дуугаараа
Нартай дэлхийг бүслүүрдсэн Монголыг
Хадны сүг, хаадын тамганы нууцыг
Харвах дайсан, аврах нөхрийг
Халхын энэ л тэнгэр мэднэ.
Шоо нь цайчихсан дэлхийн
Шороон түмнийг аврах
Азын одыг өвөртөлж яваа
Авралын ганц судрыг тээж яваа
Нүүдэлчний нүүдэл цаашилж явна
Нүдэн дээр чинь наашилж явна
Сүүлчийн тэмээний ачаанд нь
Сүншигт тэнгэрийн л буйл бурантаг...
Хэнтэй учирснаас
Бор халзан туулай өвөрт орж ирэх
Босгонд бүдэрсэн аялгуу тэгшрэх
Асаж бадамлах галын амьсгал
Алганы минь хээнд шургах нь
Хэнтэй учирснаас болно
Совин билэг минь өөрөөсөө бусгаж
Сохор чоно араас ноцож
Гэгээн нарнаар гэртээ төөрч
Гэв гэнэтхэн зүүд эвгүйцэх нь
Хэнтэй учирснаас болно
Усанд хөвсөн сар өврөө дэлгэж
Ууланд хярсан чоно хөлд эрхэлж
Танхил гэзэг өөрөө сул задарч
Тасман аялгуу зүсрэх нь
Хэнтэй учирснаас болно
Инээд алдан хөмсөг нисгэх
Энгэрийн товч өөрөө мултрах
Хорин жил хадгалсан дарс шиг үг
Хоолой даван дотор уужрах нь
Хэнтэй учирснаас болно
Хэдхэн насаа хиртсэн нар шиг бөхөөх
Хэт цахиур, галын дөл шиг явах
Хэн гуайн гадаа, хотны цаахна хонох
Хэрлэн мөрний хөвөөнд
Алтан хөшөө болох нь ч
Хэнтэй учирснаас
Хэнтэй учирснаас л болдог доо.
Туурайн тамгат
Духан дээрх туурайн тамга нь
Улам тодрох
Зүрхэн доторх монгол тамга нь
Сэтгэл тамгалах
“Тэнгэрийн тууварчин” нутгийн ах
Тээр холоос... зүүдэнд ирлээ
Модон гаансаа хүлхэж
Хүд хүд хөхөрч байна
Монголоо санан бэтгэрчээ
Хүр хүр сэрхэрч байна
Дэлгэрхангайн минь чулууг
Дээдсийн шүншигтэй алаг толгодыг
Ухаж төнхөж, хөндөөгүй биз
Урьд шөнө зүүд эвгүйцэж хонолоо...
Элбэг сэтгэлтэй хөх өвгөд
Эмээлтэй морьд, хөхүүртэй айраг яагаа вэ?
Эзгүй оргиод байх чинь...
Ээрүүл утастай бор эмгэд
Ээдэм цагаа, холбоотой хоньд хаачаа вэ?
Эгшиг дутаад байх чинь...
Хурын нуур татраагүй
Хуурын утас тасраагүй
Хувилгаан дуу хувираагүй
Хурмаст тэнгэр хэвээрээ байхад
Дөрөөн дээрээ босоо заяа
Дөрвөн улиралтай ухаан санаа
Өөдөө хийморьтой энэ улс
Өнгөтэй явах учиртай
Хэлэхэд хэдий богинохон ч
Хэт өндөр гүрэн шүү,
Хилийн дээсээ задгайлав?
Бичихэд хэдий богинохон ч
Билиг өндөр түмэн шүү
Хэл соёлоо хэлтийлгэв?
Өндөр ээжид усыг нь дөхүүлж
Өргөж ачилсан эрчүүл хаана байна?
Говийн өндөр наранд өдөржин мал усалсан
Голдоо нартай хүмүүс, хүн чанар хаана байна?
Мориор давхиад тууламгүй
Монгол минь бүрэн бүтэн үү?
Мохож цуцаж алдраагүй
Зон олон минь амгалан уу?!
Дуу нь чангараад асууж байна
Духан дээрх тамга нь улам тодорч байна
Нутгийнх нь нуур эгшихээр
Уруул нь хатаж омголтдог бололтой
Нулимстай нутаг нь гандахаар
Сэтгэл нь нурж гунддаг янзтай
Тэнгэрийн тууварчин ах минь
Тэнгэр зүглэх монгол хүмүүний
Тэнчээ ачааг засах гэж
Огторгуйг чиглэх тэдний замд
Олон олон хонь, адуу байлгах гэж
Яарсаар дэвэлзсээр хөдөллөө
Туурайн тамгатай найрагчийн
Саран дэвсгэртэй тамга
Тунгалаг сэтгэлийн гүнд
Алтан хярвастай дарагдлаа
Тамгатай найрагчийн тамгатай шүлэг
Таанатай хамт хэнзлэн
Талаар нэг цэцэглэлээ
Тэр цэцэгс одод болон түгж
Тэнгэрээр нэг гэгээ татууллаа.
Сайхан бүсгүй зөрж өнгөрөхөд...
Сайхан бүсгүй зөрж өнгөрөхөд сэтгэл сэвэлздэг
Салхиар дамжих тунсагхан аялгуу намайг оосорлодог
Харцны талимаа, хацрынх нь гэгээ зүрхэнд харвадаг
Хавар цагийн урин эгшиглэнд өөрийн эрхгүй олзлуулдаг
Сайхан бүсгүй зөрж өнгөрөхөд сэтгэл дэвэлздэг
Санамсаргүй заавал нэг эргэж харсан байдаг
Газар дээр ийм амьтан бас алхаж явдаг аа гэж
Гайхан дуу алдахад газар жаахан хөдөлдөг
Сайхан бүсгүй шүргээд өнгөрөхөд ертөнц ариусах шиг болдог
Сарны дор гэгээн дуу зохиож, өөрт нь дуулмаар санагддаг
Тэнгэрлэг өнгө гэрэл, цэнхэрлэг аялгуунд умбаад
Тэр өдөржин би гэгээн тунгалаг явдаг аа.
Чамайг явна гэхээр...
Нутаг ус эзгүйрч айлууд нүүгээд явчих шиг
Нуур цөөрөм эзгүйрч шувууд буцаад явчих шиг
Хамарлаж хураасан аргал бороонд нэвт нороод
Хаанаас гал олохоо мэдэхгүй, гэртээ ганцаар жиндэх шиг
Чамайг явна гэхээр
Наадмын өмнөх өдөр адуугаа олохгүй байх шиг
Найр наадмын түрлэг дээр хуурын утас тасрах шиг
Хөхүүрт шуугих айраг дэмбээ манаргахаа болих шиг
Хүрэн толгойн сүүдэр хүүшлэхээ болиод удах шиг
Чамайг явна гэхээр
Хадаг сахиустай морьд уяа аваад арилах шиг
Хайрхан тахилгат уулын овоо чулуу нурах шиг
Өвөрт орж эрхэлдэг тэнгэрийн гүнж саран
Өнгө зүсээ алдаж, надтай хамт гуних шиг
Чамайг явна гэхээр...
Адууныхаа захад явахад...
Адууныхаа захад явахад
Алсын алс гурван сарын цаадхыг харна
Алдуул малын тамга хэнийх болохыг хэлнэ
Аглагийн оронд өвс сэрчигнэх, бороо зүсрэхийг мэдэрнэ
Адууныхаа захад явахад
Найман зууны өмнөх их тулааны салхийг сөрнө
Намхан хээр морины далд жигүүрийг олно
Дөрөө шүргэх өвсний аялгуунд догдолно
Жолоо хазааргүй эрх чөлөөг эдэлнэ
Хатуу туурай, зөөлөн хошуут морьдынхоо
Халуу дүүгсэн илчийг буй бүхэндээ шингээнэ
Харахын буянд хөлчиж, таван мэдрэхүй баясаад
Хангал хангалын зоон дээр дуу төрөхүйд исгэрнэ
Адууныхаа захад явахад
Эрхий гурав ороох эр хар сураар
Энэ дэлхийг тооно тушиж чадна
Газрын мухар, ертөнцийн хязгаарт давхиад хүрэх
Гал дөл, цог хийморь бадарна
Адууныхаа захад явахад
Тэнгэрт гялсхийх өдрийн одыг олж харна
Газарт гандах өвсний гунигийг хуваалцана
Ирэх жил түрүүлэх битүү морийг танина
Их цас зудтай хутгаж тарлана
Өвөг буурал уул талын шивнээ
Өнө эртний аялгууг анирдан чимээлнэ
Тэнгэр газрын эгшиглэнг зүрхэндээ баринтаглан ноотолно
Тэр их долгислоос уртын дуу амаржина
Хүлгийн дэлэн дээрээс ертөнцийн жолоог залсан
Хүчирхэг дээдсийн удам морьтон монгол
Адууныхаа захад ирэхээр дэлхийн хийморь сэргэдэг
Амьд явахын бах ханаж, атган дотор таван тив багтдаг аа.
Цаанаасаа...
Үүрээр хүн төрөх нь цаанаасаа
Үдшээр нэг нь буцах цаанаасаа
Дээрээс ирэх дуудлага цаанаасаа
Дэргэдийн өнөөдөр өчигдөр болох нь цаанаасаа
Арван тавны саран дүүрээд мандах нь цаанаасаа
Арван зургаатай охин гийгээд өсөх нь цаанаасаа
Адууны салхинд бадрах монгол хийморь цаанаасаа
Аранзал тэнгэрт тодрох соёмбын минь гэгээ цаанаасаа
Уртын дууны хатан хаан Норовбанзадын дуулах цаанаасаа
Уянгын гэгээн өөжин нутаг минь цэнхэртэх цаанаасаа
Өндөр гэгээний бүтээсэн бурхдын тиг цаанаасаа
Өөлөн зөөлөн дарь эхүүдийн эгшиглэнт зохиронгуй цаанаасаа
Буртаг бүхнийг хийсгэх
Монголын өндөрлөгийн салхи цаанаасаа
Буян заяагаа хурайлах
Морьтон түмний хийморь цаанаасаа
Хөхийн хөх тэнгэр минь цаанаасаа
Ихийн их заяа минь цаанаасаа
Өндрийн өндөр дээдэс минь цаанаасаа
Өргөн олон түмний минь
Тэнгэр нь цаанаасаа
Цаанаасаа!