Орхон хөндийн виртуал музейг өчигдөр нээлээ. Монгол, герман, англи гэсэн гурван хэлээр уг музейтэй танилцаж болох аж. Дээрх бүс нутгийн түүх, археологийн төрөл бүрийн олдвор, ололтыг уг музейгээс мультимедиа байдлаар хүлээн авч үзэх боломжтой гэнэ. Мөн Орхоны хөндийтэй холбоотой төслийн үйл ажиллагаа, үр дүнг танилцуулах юм байна. Тухайлбал, VIII-IX зууны Хар балгас хотын дундад зууны хоёр цогцолбор, XIII-XIV зууны Монголын хуучин нийслэл Хархорум зэрэг нь Орхоны хөндийд оршдог билээ. Заавал газар дээр нь очихгүйгээр Орхоны хөндийтэй танилцах боломжийг бүрдүүлснээрээ эл музей онцлогтой аж.
Монголын төрт улсуудын өлгий болсон Орхоны хөндийг шинжлэн судлах төслийг Шинжлэх ухааны академи, ХБНГУ-ын Археологийн хүрээлэнтэй хамтран 1998 оноос эхлүүлжээ. Үүнд 2014 оноос МУИС албан ёсоор нэгдэж, хамтран судалгаа хийж буй юм байна. Монголын дундад зууны хот, суурингийн дурсгалыг малтан судлах, соёлын өвийг хамгаалах, сурталчлах, мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлээр дээрх төслийг одоо ч хэрэгжүүлсээр буй аж. Төслийн хүрээнд монгол, герман археологичдын өнгөрсөн 26 жилд хийсэн судалгааны үр дүн, олдворуудыг олон нийтэд танилцуулах зорилгоор виртуал музей бий болгосон гэнэ.