Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрч, тэсэж тэвчих аргагүй болсонд бухимдсан иргэд дүн өвлийн хүйтэнд төв талбайд жагсаж байхад хотын удирдлагууд нь татвар төлөгчдийн мөнгөөр 32 000 зуух худалдан аваад, гэр хорооллын айлуудад тараах тендер зарласан байх юм. Товчхондоо, дарга нар утаа бууруулах, янданг цөөлөх бус, харин ч илүү нэмэх шийдэл гаргаж, түүндээ нийслэлийн төсвийн 28.3 орчим тэрбум төгрөгийг зарлагадах нь. Хэн нэгэнд зуух худалдан авч өгөхийн тулд хотын иргэд, аж ахуйн нэгжүүд татвар төлөөд байна гэсэн үг.
Эрх баригчид өнгөрсөн хугацаанд өчнөөн зуух тараасан, тэр хэрээр татвар төлөгчдийн мөнгийг ч хангалттай үрсэн. Харамсалтай нь, утаа буураагүй, улам нэмэгдсээр гамшгийн хэмжээнд хүрчхээд байна. Ер нь зуух тараах нь ямар ч үр дүнгүйг улаанбаатарчууд маш сайн мэдэрч, ойлгосон. Гэтэл дарга нар “Агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй айл өрхүүдийн эрчим хүчний зохистой хэрэглээг дэмжих төслийн хүрээнд стандартад нийцсэн ахуйн зуух худалдан авах ажил” гэх гоё нэр, зорилгоор халхавчлан тендер зарлаж, нэг айлд бараг 900 мянган төгрөгөөр зуух тараах нь байж болох үйлдэл яавч биш.
Нөгөөтээгүүр, “Агаарын чанарыг сайжруулах, гэр хорооллын 200 мянган яндангийн тоог бууруулах чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөж байна” гэж нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр ярьжээ. Тэрбээр төв талбайд жагсаж байсан иргэдтэй уржигдар уулзахдаа ингэж хэлсэн бөгөөд “Утааг бууруулах гол шийдэл нь айл өрхүүдийг орон сууцжуулах” гэж “уянгалсан” байх юм. Үүнийг бид хэн нэгэн даргаар хэлүүлэхгүйгээр л ойлгоно. Харамсалтай нь, ийм нөөц боломж манай хотод байхгүй, эрх баригчдад нь ч энэ хэмжээний сэтгэл үгүйг бид мэднэ.
Үүнийг нотлох жишээ бол нийслэлийн дарга нар нүүрэн дээр “янданг цөөрүүлнэ” гэчхээд, нүднээс далдуур зуух нэмэхээр улайрч байгаа нь юм. Зуух тараах тендерийг энэ сарын 24-ний 09.30 минутад нээх гэнэ. Ингээд шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулснаас хойш 30 хоногийн дотор суурилуулна. Үүний дараа тохируулга хийх, жигдрүүлэх хугацаа нь бас 30 хоног аж. Зуух худалдан аваад, айлуудад нийлүүлээд, суурилуулж, тохируулсаар байтал утааны улирал дуусаж, урин дулаан цаг ирнэ. Өнөөх зуух, төсвийн мөнгө мартагдаж, юу ч биш болно гэсэн үг. Харин дараа жилийн өвөл Улаанбаатарын утаа яг хэвээрээ л биднийг угтана.
Эрх баригчид биднийг ийм байдлаар хуурч, утааг бууруулна гэсээр хэдэн арван жил өнгөрснийг иргэд эсэргүүцэж, нийтийн сонсгол хийхийг шаардаж буй билээ. Үүнтэй холбоотойгоор төв талбайд иргэд гурав хоног тайван жагсаал хийлээ. Энэ үеэр 2000 гаруй иргэний гарын үсгийг цуглуулж, холбогдох байгууллагуудад нь хүргүүлэхээр болсноо жагсаал санаачлагч Ч.Ганжавхлан мэдээлсэн. Түүнчлэн иргэн Б.Мөнгөнхишиг нийтийн өргөдлийн petition.parliament.mn цахим системд “Утааны сонсгол хийцгээе. Төсвийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийж, сайжруулцгаая” санал асуулга гаргаж, 70 гаруй иргэний гарын үсгийг цуглуулснаар уг асуудлыг парламентаар хэлэлцүүлэх боломж бүрдээд байна. Нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх нь энэ долоо хоногт тодорхой болох нь.
М.ОЧ