Туялзуур сэлмийн холбоог 2009 онд байгуулж, Азийн болон Олон улсын туялзуур сэлмийн холбооны гишүүн болсон цагаас манай тамирчид тэмцээнд оролцож эхэлсэн түүхтэй. Олимпын наадмын төрөлд багтдаг эл спортоор Монголын хүүхэд, залуус сонирхон хичээллэж, эрчимтэй хөгжих болсноор амжилт гаргаж байгаа. Узбекистаны Ташкент хотод Азийн туялзуур сэлмийн холбооны 37 дугаар Ерөнхий ассемблейн хурал саяхан болсон юм.
Тус холбооны Удирдах зөвлөл, ерөнхийлөгчийн зүгээс Монголын туялзуур сэлмийн холбоонд Азийн холбооны өргөмжлөл гардуулж, эл спортыг өөрийн болон олон улсад хөгжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлжээ. Дээрх хуралд Монголын туялзуур сэлмийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбаатар оролцож, Удирдах зөвлөлийн гишүүн, Зүүн бүсийн захирлаар дахин томилогдов. Тэрбээр уг албан тушаалыг ирэх дөрвөн жилийн хугацаанд хашна. Тэгвэл Олон улсын туялзуур сэлмийн холбооны ерөнхийлөгчөөр ОХУ-ын Алишер Бурханович Усманов олонхын саналаар сонгогдлоо.