Нийслэлийн гэр хорооллын айлууд юу түлж байгааг төрийн албан хаагчид хянах гэнэ. Тэд айлуудаар хэсэж, амгалан тайван байдлыг нь алдагдуулан, зуух руу нь өнгийж үзэх хэрэг үү. Аль эсвэл утаа үнэрлээд, нүүрс, сайжруулсан түлш, өөр элдэв зүйл түлсэн, эсэхийг нь ялгаж тогтоох бололтой. Сайжруулсан гэх түлш хэрэглэсэн ч Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрч, амьсгалах аргагүй болсон энэ үед ер нь иргэдээ ингэж шалгаж дарамтлахын хэрэг бий юү. Төрийн албан хаагчдад өөр хийх ажил алга уу.
Тэгээд ч Улаанбаатар хотод нүүрс, сайжруулсан түлш түлсэн ч ялгаагүй болчихлоо. Зарим хүн “Түүхий нүүрсээ түлье ээ” гэж халаглахдаа тулсан. Өөрөөр хэлбэл, анхнаасаа өөрсдөө түлш нийлүүлэх шийдвэрээ хяналтаас гадна хэрэгжүүлж, нийслэлчүүдийг угаартуулан, хот даяар хорт утаа тархахад хүргэсэн атлаа “ниргэсэн хойно нь хашхираад” нэмэргүй. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамныхан нь хүртэл үүнийг баталгаажуулаад, “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийхэд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний нөхцөл, шаардлагыг биелүүлээгүй, менежментийн төлөвлөгөөгүй зэрэг зөрчил, дутагдал илрүүлсэн талаараа өчигдөр мэдээлэв.
Түлшний чанар муу, бас иргэдийг угаартуулаад байгааг бид бүгдээрээ мэднэ, мэргэжлийн яам нь ч бас хүлээн зөвшөөрчихлөө. Ийм байхад дүн хүйтэн өвлөөр төрийн албан хаагчдаар иргэдээ хянаж цагдуулах бус, үйлдвэрийнхээ үйл ажиллагаа, түлшнийхээ чанарыг сайжруулахад л илүүтэй анхаарах шаардлагатай байна. Харин хотын удирдлагууд, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид хамгийн их бохирдолтой бүсүүдэд, өөрсдийн тойрогтоо очиж, бодит байдал, иргэдийнхээ аж амьдралтай танилцах замаар шийдэл хайвал яасан юм бэ.
М.ОЧ