Эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн талаарх мэдлэгийг түгээх, залуусыг хүний эрх хамгаалагч болгон бэлдэх сургалтыг энэ сарын 7-нд эхлүүлсэн бөгөөд өнөөдөр дуусах юм. “Бидний эрх, бидний оролцоо” сургагч багшийн хөтөлбөрийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, ХЭҮК, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн хамтран хэрэгжүүлсэн сургалтад их, дээд сургуулийн 100 гаруй оюутныг хамрууллаа.
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд хөтөлбөрийг нээж “Монгол Улс 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Уг хуульд хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон билээ. Улс орнуудын Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын хүсэл сонирхлын хамтын илэрхийлэл байдаг. Манай хуулийн II бүлэгт хүний эрхийн заалтуудыг оруулсан. Өнөөгийн Монголын хөгжилд шинэ цагийн залуучуудын мэдлэг, чин сэтгэл, хамтын ажиллагаа жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Хүний эрхийн төлөө тэмцэгч байхыг залуучууддаа хүсье. 2024-2028 оны УИХ-ын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ хууль бүрд хүний эрхийг хангуулах талаарх зорилт дэвшүүлж буй” гэлээ.
ХЭҮК-ын дарга, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид “Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10 буюу Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан бид сургалт явуулдаг. Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг хангуулах хууль, эрх зүйн цөөнгүй баримт бичигтэй. Хүний эрхийн боловсролыг иргэд, олон нийтэд дэлгэрүүлэхэд залуус түүчээ болох биз ээ” хэмээв.
“Бидний эрх, бидний оролцоо” сургагч багш бэлдэх сургалтыг хоёр өдөр зохион байгуулж “хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг өдөр тутамдаа ашиглах нь”, “хууль дээдлэх ёс”, “үзэл бодлоо илэрхийлэх эрх” болон “халдашгүй, чөлөөтэй байх эрх” сэдэвт хичээлийг судлаач, мэргэжилтнүүд оюутнуудад заажээ.
М.ГЭГЭЭ