- Цахим орчинд эрүүл мэндийн бүтээгдэхүүн зарсан иргэнийг хоёр сая төгрөгөөр торгожээ -
Ч.БолортуяаЭм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдүүлснээс хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. “Мэндэлсэн” даруйдаа багагүй маргаан дагуулж, иргэдийг төөрөгдүүлсэн уг хуулийг хэрэгжүүлэхэд хэн хяналт тавьж байна вэ. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрынхан үүнд хяналт тавих үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчид тус байгууллагад харьяалагдаж буй. Тэд эм, био бэлдмэлийн чанар, эм хангамжийн байгууллагын үйл ажиллагаа, борлуулалт, сурталчилгааг хянаж ажилладаг юм.
Дэлхий дахинд эмийн салбар хамгийн ашигтайд тооцогддог. Өнгөрсөн онд дэлхийн эмийн зах зээлийн хөрөнгө 1.5 их наяд ам.долларыг давжээ. Энэ тоо жилд 5-6 хувиар өсөж буйг эдийн засагчид тооцоолсон байна. Манай улсад ч мөн ялгаагүй эмийн хэрэглээ маш өндөр. Хэн хүссэн нь дуртай эм, бүтээгдэхүүнийг ямар ч хяналтгүйгээр зарж борлуулж, худалдан авч өдий хүрсэн. Хэдийгээр 2010 оноос Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг мөрдөж, эрх зүйн орчныг нь сайжруулсан ч асуудлыг зохицуулж хүчрээгүй. Тиймээс өнгөрсөн зургаадугаар сарын 5-нд УИХ-аас Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан юм. Тус хуульд хэд хэдэн онцлох заалт оруулсны нэг нь нийгмийн сүлжээгээр эм сурталчлахыг хориглосон явдал. Өөрөөр хэлбэл, инфлүүнсерүүд, олны танил хүмүүс, “цахим эмч” хэмээх гуншинтай эмч, эмнэлгийн ажилтнууд ч эм, бүтээгдэхүүнийг олон нийтийн сүлжээнд сурталчлах эрхгүй болсон. Ингэснээр өөрсдөө үр дүнг нь мэдрээгүй байж, мөнгөний төлөө хэн нэгний эрүүл мэндийг хохироохоос сийхгүй нэгнийг “хазаарласан” юм. Нөгөө талаас олны танил нэгэн сайн гээд л хэлчихвэл хошуурдаг, сошиалд “амьдрагсад” эмийн замбараагүй хэрэглээг тэлсэн. Тиймээс Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг ягштал мөрдүүлж чадвал эмийн зохисгүй хэрэглээг хумьж мэднэ.
Хууль хөрсөндөө буусан, эсэхийг тодруулахаар хэд хэдэн эмийн санчтай уулзлаа. Эмийн санч А “Жоргүй олгодог байсан зарим эмийг одоо заавал эмчийн бичгийн дагуу өгч байгаа. Тухайлбал, тун өндөр, эмчилгээний түвшинд хэрэглэх эмийг жортой олгох жагсаалтад оруулсан. Гэтэл иргэд бүх эмийг жороор олгодог болсон мэтээр ташаа ойлгож, багагүй асуудал үүсгэлээ. Эмчид үзүүлж, эмийг жороор авч хэвшсэн бол ийм бухимдал үүсэхгүй байх. Ханиад, томуу дэгдсэн энэ үед иргэд антибиотик авах гэж хошуурах нь түгээмэл. Гэвч жоргүй бол антибиотик олгохгүй. Урьд нь ч ийм байсан. Гэвч эмийн санчид өгөөд л явуулчихдаг. Одоо вирусний болон шинж тэмдэг дарах эмчилгээг л эмийн санч зөвлөх эрхтэй. Гэхдээ зарим нэг эмийг жороор олгож байгаа нь асуудалтай. Тухайлбал, хамрын дусаалгыг жороор олгож байна. Гэтэл иргэд “Өмнө нь хэрэглэдэг дусаалгаа авна” гээд жоргүй ирчхээд нэхээд байдаг. Амралтын өдрөөр “Уух эм маань тасарчихлаа” гээд ирдэг хүн цөөнгүй. Яах ч аргагүй, цөөн тоогоор өгөөд явуулдаг. Мөн даралт нь ихэссэн хүнд эмийг нь өгөхөөс өөр аргагүй. Даралтны эмийг жорын дагуу олгодог ч иргэд жоргүй аваад сурчихсан. Энэ зуршлаараа зүтгээд маргаан үүсгэдэг. Ямар өвчний улмаас даралт ихэссэн байна, түүндээ тохирсон эм уух ёстой шүү дээ” гэв. Харин өөр нэг эмийн санч “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг шинэчилснээс хойш манай эмийн сангийн орлого буурсан. Хүмүүс жоргүй бол эм авч чадахгүй гэж ойлгодог болсон нь эмийн борлуулалтад нөлөөллөө. Бидний борлуулалтын хэмжээг жорын цаастай тулгаж шалгадаг. Гэхдээ хуулийг хэрэгжүүлснээс хойш хяналт шалгалт хийгээгүй” гэсэн юм.
Хуулийг хэрэгжүүлэхэд хэрхэн анхаарч байгаа болон зөрчлийн талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас тодруулсан юм. Тус газрын мэргэжилтэн “Эмийн зар сурталчилгаа, тэр тусмаа цахим орчны талаар эрх зүйн зохицуулалт өмнө нь тодорхойгүй байсан. Харин Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад эрх зүйн зохицуулалтуудыг тусгасан. Өөрөөр хэлбэл, цахим орчинд эм сурталчлахыг хуулиар хориглодог. Харин аминдэм, “зөвхөн өвчнийг оношлох, эмчлэх үйлдэлтэй гэж олон нийтийг төөрөгдөлд оруулсан байдлаар үйлчилгээг нь хэт дөвийлгөж” сурталчлахаас бусад тохиолдолд эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн сурталчлахыг хориглоогүй. Хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэлд оруулаагүй бүтээгдэхүүнийг нийгмийн сүлжээгээр сурталчлах, иргэний хувийн хэрэглээний зориулалтаар улс хоорондын шуудан илгээмжээр хүлээн авсан болон зорчигчийн хувийн хэрэглээний эмийг цахим орчинд сурталчлан зарж, борлуулах зөрчил түгээмэл байна. Тухайлбал, иргэн Г нь хувийн хэрэглээний зориулалтаар улс хоорондын шуудан илгээмжээр хүлээн авсан эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг цахим орчинд сурталчлан борлуулсан нь тогтоогдсон. Зөрчлийн тухай хуулийн дагуу түүнд хоёр сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, ашгийг нь улсын орлого болгосон” гэв. Тус газрынхан энэ онд 552 байгууллагыг хянаж шалган, 34 аж ахуйн нэгж, гурван иргэнд нийт 26.3 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авчээ. Давхардсан тоогоор 142 нэрийн зөрчилтэй бүтээгдэхүүнийг хурааж, аймаг, нийслэлийн орон тооны бус зөвлөлд шилжүүлж шийдвэрлүүлсэн гэнэ.
Бид цахим орчин дахь “эмийн сан”-гаас антибиотик болон элдэв өвчний эсрэг эм гэхээс илүү аминдэм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, өвчин намдаах наалт, тос зэргийг худалдан авах нь элбэг. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 26.3-т зааснаар “…эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг өвчнийг оношлох, эмчлэх үйлдэлтэй гэж сурталчилж болохгүй” гэж заасан. Тиймээс хүнсний нэмэлт бүтээгдэхүүн сонгохдоо ч хянамгай байх шаардлагатай байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 28-нд нэгэн залуу цахим орчинд “Гат про” ашигтай бактери нь зүрхний өвчин, цус харвалтад хүргэдэг аюултай орцтой бүтээгдэхүүн” гэх мэдээллийг тараасан юм. Мөн уг бүтээгдэхүүнийг Солонгостоо худалддаггүй бөгөөд зөвхөн Монгол Улсад борлуулж байна гэж ярьсан. Тэгвэл тус бүтээгдэхүүнийг оруулж ирдэг “Вэлл Бий” гэх компаниас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд энэ нь илт худал, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл болохыг дурдаад, Монгол Улсын хууль дүрмийн дагуу шаардлагатай шинжилгээнд хамруулж, албан ёсоор оруулж ирдэг гэсэн байв. Уг бүтээгдэхүүн нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй аж. Эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг олон талын эх сурвалжаар баталгаажуулж, мэргэжлийн хүний зөвлөсний дагуу хэрэглэх соёлд суралцах нь чухал болжээ.
Ямартай ч иргэд дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн авч буй мэтээр эм хэрэглэдэг явдал буурах шинжтэй. Алхам тутамд таардаг эмийн сангуудад цаас барьсан хүмүүс л холхилдож байна лээ. Эмчийн зөвлөгөөний дагуу өөрт тохирсон эм, бүтээгдэхүүн хэрэглэж хэвших нь эрүүл мэндэд мэдээж тустай. Гэхдээ яаралтай, амь тэмцсэн үед “эмчийн бичиггүй” гээд шаардлагатай эм, бүтээгдэхүүнийг олгохгүй байх нь бас хүндрэлтэй. Тиймээс эмийн санчид аль болох уян хатан байдлыг баримталж буй гэнэ. Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий гэдэг шиг эмийн санчид хуулийг хэрэгжүүлэх үү, хүн чанараа дагах уу гэдэг сонголттой өдөр бүр нүүр тулж буйгаа учирласан. Гэхдээ хуулиар бол жороор олгох эмийг жоргүйгээр, эсвэл хүчингүй жороор, эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эм худалдах, үнэ төлбөргүй олгох болон хандив тусламжийн эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн борлуулах, эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг үндэслэлгүйгээр нэмэхийг тус тус хориглосон билээ. Хэрэв биелүүлээгүй тохиолдолд зөрчилд тооцож, арга хэмжээ авах юм. Дотооддоо үүнийг нэг талд нь гаргахын зэрэгцээ, хилийн хяналтыг чангатгах, Монгол Улсад бүртгэлгүй бүтээгдэхүүнийг оруулж ирэхгүй байхад анхаарах нэн шаардлагатай байна.