Монголын жүдо бөхийн холбооноос зохион байгуулсан, жин тус бүрд шилдгүүдийг тодруулах “Tоп 6” тэмцээнд 19 байгууллагын 83 тамирчин оролцлоо. Олон улс, тив, дэлхийн болон олимпын наадамд өрсөлддөг тамирчид хүч сорьсон нь дээрх тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгож байв. Бөхийн хорхойтнуудад өөрийнхөө дэмждэг бөхчүүдийн дэвжээн дээрх ялалт, ялагдал, уран, дайчин, зоримог, гал гарсан барилдааныг үзэж урам авах нь сонирхолтой санагдсан биз ээ. Тус тэмцээнд зодоглосон жүдочдыг тойргийн системээр барилдуулж, барилдааных нь үр дүнгээр дотоодын чансаа олгосон. Эмэгтэйчүүдээс -48 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл, “Рио-2016” олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг, “Их дуулга” тэмцээний иж бүрэн, “World masters”-ын мөнгөн медальт Г.Наранцэцэг нарын барилдаан үзэгчдийн анхаарлыг хамгийн их татлаа. Тэдний хэн нь энэ удаа түрүүлж, шилдгээ батлах нь тун сонин байв. Г.Отгонцэцэг III тойрогт сүүлийн үед эл жинд хүч түрэн гарч ирж буй, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медаль Ж.Анударьд нэмэлт цагт ялагдсан ч сүүлийн тойрогт Г.Наранцэцэгийг цэвэр ялсан. Гурван бөх нэгнээ тойрч ялсан учир барилдааны чанараар Г.Отгонцэцэг түрүүлж, Г.Наранцэцэг мөнгө, Ж.Анударь хүрэл медаль хүртсэн юм.
52 кг-д “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин, улсын аварга Б.Уранзаяа эхний тойрогт “Хангарьд”-ын Б.Гүндэгмаад ялагдаж, барилдаанаа амжилт тааруухан эхлүүлсэн. Тэрбээр дараагийн тойрогт өрсөлдөгчдөө цэвэр ялж, барилдааныхаа үзүүлэлтээр аваргалав. Түүнтэй адил ялалттай Б.Гүндэгмаа эл тэмцээнд залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарамыг орлон барилдаж, мөнгөн медаль зүүсэн бол хүрэл медалийг армийн ДАШТ-ий мөнгөн медальт Ц.Гал-Од гардсан.
-57 кг-д зодоглосон жүдочдын барилдаан өрсөлдөөнтэй өрнөв. Тэднээс өсвөр үеийнхний ДАШТ-ээс алтан медалийг эх орондоо авчирсан, “Гүрү дожо” клубийн Т.Ариунзаяа өрсөлдөгчдөдөө боломж олголгүй хожиж, аварга гэдгээ баталлаа. 63 кг-д “Сэнсэй кап” тэмцээнээс мөнгөн медаль зүүсэн, “Гүрү дожо”-ны 16 настай залуу жүдоч Х.Маралмаа насанд хүрэгчдийн ангилалд анхны түрүүгээ авав. Тэрбээр “Хилчин” спорт хорооны О.Саруултай хожлын харьцаа тэнцсэн ч барилдааныхаа идэвхээр илүүрхсэн тул алтан медалийн болзол хангасан юм. 70 кг-д “Алдар” спорт хорооныхноос ОУХМ цол хүртээд удаагүй байгаа Зүүн Азийн аварга С.Лхагвадулам түрүүлж, тус жинд барилддаг аваргуудын тоог ахиулав.
+78 кг-д армийн дэлхийн аварга, “Алдар” спорт хорооны А.Адъяасүрэн учраа таарсан өрсөлдөгчдөө мөн л буулган авч, тэргүүлэгч гэдгээ харуулсан. Түүнтэй тэмцээн бүрд аваргын төлөө өрсөлддөг “Женко” клубийн Д.Номинзул удаалж, “Алдар” спорт хорооны Э.Жаргалмаа III байрт шалгарлаа. -78 кг-д өсвөр үеийнхнээс дайчин барилдаанаараа ялгарах болсон Азийн аварга, “Хилчин” спорт хорооны А.Дуламсүрэн аав, ээж, багш, хамт олныхоо итгэлийг дааж, нэг ч ялагдалгүйгээр тэргүүлсэн юм.
Эрэгтэйчүүдээс хамгийн өрсөлдөөнтэй жин болох -60 кг-д “Шинэбадрах” дэвжээнээс 21 настай Т.Түмэнжаргал цойлж, анхны түрүүгээ авлаа. Тэрбээр таван барилдаанаас дөрөвт нь хожсон ч сүүлийн тойрогт Дархан-Уул аймгийн тамирчин К.Ёолкт ялагдснаар “Тэмүүжин” клубийн Д.Билгүүнтэй ижил (дөрвөн ялалт, нэг ялагдалтай) болсон. Аваргыг тодруулах барилдаанд Т.Түмэнжаргал өрсөлдөгчөө богино хугацаанд буулган авч, алтан медалиас атгах нь тэр.
66 кг-д хүч үздэг жүдочдоос Гавьяат тамирчин Ё.Басхүүгийн барилдааныг үзэгчид харах дуртай. ДАШТ-ий хошой хүрэл медальтай тэрбээр жиндээ одоо ч, хойшдоо ч аварга байх болно гэдгээ бататгасан. 73 кг-д хамгийн сонирхолтой өрсөлдөөн өрнүүлсэн нь “Шинэбадрах” дэвжээнийхнээс Ж.Гансүрэн. “Сэнсэй кап”-д түрүүлж, жиндээ өрсөлддөг тамирчдын эхэнд эрэмбэлэгдэх болсон тэрбээр шилдгүүдээс Ж.Энхтөр, Б.Эрхэмбаяр нартай тэнцсэн ч богино хугацаанд ялалт байгуулсан барилдаанаараа басаж болохгүй өрсөлдөгч гэдгээ мэдрүүлэв.
-81 кг-д О.Шинэбаяр учраануудаа илүүрхэж, од шиг гялалзсан бол 90 кг-д “Иппон” дэвжээнээс Азийн наадмын хүрэл, тивийн аварга Н.Дагвасүрэн “Хилчин”-ий Ц.Ган-Эрдэнэ, “Алдар”-ын Б.Мөнхбаяр нартай мөн тэнцсэн ч ялалтыг өөрийн талд эргүүлж чадсан. +100 кг-д Азийн наадмын мөнгө, Улаанбаатарын “Их дуулга”-д аваргалсан Б.Гончигсүрэн бүх өрсөлдөгчдөө нэг хэсэгтээ л дийлдэхээргүй гэдгээ ойлгуулж, медалийн тавцанд зогслоо. -100 кг-д өрсөлдөөн мөн л ширүүхэн өрнөж, гурван бөхийн ялалт, ялагдал тэнцэв. Тэднээс “Качи дожо”-ны А.Мөнх-Эрдэнэ хамгийн богино хугацаанд ялалт байгуулснаар алтан медалийн эзэн болов.
Ташрамд дуулгахад, Японы Токио хотод ирэх амралтын өдөр эхлэх энэ оны сүүлийн “Их дуулга”-д 47 орны 245 жүдоч зодоглох нь. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч М.Бундмаа нарын удирдлагад 20 тамирчин өрсөлдөхөөр тус хотыг зорилоо.