Сирийн ерөнхийлөгч асан Башар аль-Асад гэр бүлийн хамт Москвад ирсэн тухай ТАСС агентлагт мэдээлэв.
Асадын ярж буйгаар ОХУ түүнд болон гэр бүлийнхэнд нь орогнол олгожээ.
Сирийн босогчид сүүлийн хэд хоногт эрчимтэй давшилт хийсээр ням гарагийн өглөө Дамаскийг ямар нэгэн эсэргүүцэлгүйгээр эзлэн авчээ. “Хаят Тахрир аль-Шам” (террорсит бүлэглэл) болон түүний холбоотнууд “дарангуйлагч Башар аль-Асадыг түлхэн унагасан” гэж мэдэгдэв.
Бүтэн өдрийн турш Асадын хаана байгаа талаар баталгаатай мэдээлэл гарахгүй байсан бөгөөд дэлхийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг тээвэрлэж явсан онгоц осолдсон байж болзошгүй гэж бичиж байв.
Сирийн ерөнхийлөгч Башир аль- Асад төрийн тэргүүний суудлаасаа огцорч, Сирийг орхисон тухай анхны албан ёсны мэдэгдлийг ням гарагийн орой ОХУ-ын Гадаад хэргийн яам хийсэн юм.
“Б.Асад Арабын Бүгд Найрамдах Сирийн нутаг дэвсгэрт болж буй зэвсэгт мөргөлдөөнд оролцогчидтой хийсэн хэлэлцээний үр дүнд ерөнхийлөгчийн суудлаа орхихоор шийдэж, эрх мэдлийг шилжүүлэх ажлыг тайван замаар явуулах үүрэг даалгавар өгснөөр тус улсыг орхин явсан. . . Орос улс тус хэлэлцээнд оролцоогүй” гэж ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдэлд дурджээ.
Ням гарагийн орой гэхэд онгоцны хөдөлгөөнийг хянадаг Flightradar сайтад “Оросын онгоц хэдэн цагийн өмнө Сириэс хөөрч, дамжуулагчаа унтрааж, ОХУ руу чиглэн явсан” гэсэн мэдээлэл гарчээ.
Тус хөлөг Хмеймим дэх Оросын цэргийн бааз эсвэл Латакиа нисэх онгоцны буудлаас хөөрсөн байж магадгүй аж. Онгоцны дамжуулагчийг Москвагийн ойролцоо хэсэг хугацаанд асааж байсанаа, буухынхаа өмнө дахин унтраажээ.
Эл мэдээллийн дараа Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газар Ил-76Т онгоцыг радараас алга болсон тухай ташаа мэдээллийг ОХУ “Сирийн удирдагч болон ойр дотны хязгаарлагдмал хүрээний хүмүүсийг аврах ажиллагааг нуун дарагдуулах зорилгоор зориудаар ашигласан” гэж мэдэгдэв.
ОХУ-ын арми эдгээр мэдэгдлийн талаар тайлбар хийгээгүй байна.
Башар Хафез аль-Асад 1965 оны есдүгээр сарын 11-нд Дамаск хотод төржээ. Тэрээр Сирийг 30 шахам жил удирдсан улс төрч Хафез аль-Асадын бага хүү юм.
Башар засгийн эрхэнд гарахаасаа өмнө Лондонд анагаах ухаанд суралцаж, нүдний эмчээр мэргэшжээ. Түүний ах Базилийг эцгийнхээ ирээдүйн залгамжлагч гэж үздэг байсан ч гэнэтийн байдлаар автомашины ослоор нас барсан нь улс төрийн хөзрүүдийг төөрөлдүүлж орхижээ.
Башар улс төрийн карьераа бэлтгэхийн тулд Сирид буцаж дуудагдсан бөгөөд 1994 онд засгийн газрын үйл хэрэгт оролцож эхэлсэн юм.
Башар аль-Асад 2000 онд эцгийгээ нас барсны дараа Сирийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчгүйгээр ялжээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл эрх мэдлээ хадгалсаар ирсэн. Түүний засаглал нь ихэвчлэн авторитар буюу дарангуйллын гэж тодорхойлогддог бөгөөд 2011 оноос эхлэн дотоод зөрчил, иргэний дайн дагах болжээ.
2010-аад оноос эхэлсэн “Арабын хавар” гэж нэрлэгддэг засгийн газрыг эсэргүүцсэн хөдөлгөөн Сирийг тойрч гараагүй. Ойрхи Дорнодын энэ улсад Башар аль-Ассадыг огцрохыг шаардсан жагсаал 2011 онос эхэлсэн бөгөөд тэрбээр засгийн эрхээ өгөхөөс татгалзаж, эсэргүүцлийн жагсаалыг дарж эхэлжээ. Нөхцөл байдал маш хурдтайгаар хяналтаас гарч, бүрэн хэмжээний иргэний дайн болон даамжирч, одоо ч үргэлжилж байгаа билээ.
2014 онд болсон энэхүү мөргөлдөөний үеэр төрийн хүч сулрахын зэрэгцээ Сирийн ихэнх хэсгийг Исламын улс бүлэглэлийн радикал исламистууд эзлэн авсан бөгөөд тэднийг хэдэн жилийн дараа зөвхөн олон улсын хүчний оролцоотойгоор хөөн гаргасан. Радикалуудыг Сирийн арми, сөрөг хүчнийхэн, Ойрхи Дорнодын болон Барууны орнууд, ОХУ эсэргүүцэж байв.
Хэдий зарим үед Ассад хяналтаа бүрэн алдаж байна уу гэхээр байсан ч Москвагийн дэмжлэг, түүний дотор цэргийн дэмжлэгийн ачаар эрх мэдлээ хэвээр хадгалсаар ирсэн.
“Исламын улс” бүлэглэоээс газар нутгаа эргүүлэн авснаар Сири дэх иргэний дайн ч дуусгавар болоогүй, Ассадын өрсөлдөгчид ч алга болоогүй. Тус бүс нутагт олон хүчний ашиг сонирхол хоорондоо уялдаа холбоотой байсан бөгөөд тус бүр өөрийн зорилго, зорилтоо биелүүлж байлаа.
Сүүлийн жилүүдэд Ассадын засгийн газар ихэнх нутаг дэвсгэрээ бага багаар хяналтандаа оруулан, удирдаж байсан ч тус улсад янз бүрийн бүлэглэлүүд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, ерөнхийлөгч Асадыг төдийгүй хоорондоо ч дайтсаар байв. Тэдний заримыг Турк, заримыг нь Иран, заримыг нь Хезболла г.м дэждэг.
Тухайлбал, Ассадыг огцорсны дараа засгийн эрхийг авах магадлалтай “Хаят Тахрир аш-Шам”-ыг Туркийн дэмжлэгтэй гэж үздэг. Хамгийн хачирхалтай нь Анкара энэ бүлгийг террорист гэж үздэг.
Харин Сирийн мөргөлдөөн үргэлжилж байгаа 13 гаруй жилийн хугацаанд Москва Сирийн эрх баригчдыг дэмжсээр ирсэн. ОХУ-ын эрх баригчид Ассадыг Сирийн хууль ёсны ерөнхийлөгч гэж үзэж, араасаа иргэний дайн дэгдээсэн төрийн эргэлтийн оролдлогыг барууны хүчнийхний турхилтаар хийсэн гэж удаа дараа онцолж байгаа.
2015 оны есдүгээр сард ОХУ-ын арми Сирид цэргийн ажиллагаа явуулж эхэлсэг бөгөөд тэд Исламын радикалууд, Аль-Каида болон Исламын улс бүлэглэл, Жабхат ан-Нусра террористуудын эсрэг тэмцэлд Сирийн засгийн газрын хүчинд дэмжлэг үзүүлэх болсон. Оросын цэргүүд Пальмира, Алеппо хотуудыг чөлөөлж, Дейр эз-Зор, Идлибийн төлөөх тулалдаанд оролцжээ.
Энэ кампанит ажлын үеэр ОХУ Сирийн Тартус, Хмеймимд цэргийн баазуудаа байгуулжээ. Харин одоо тэдгээр баз Сирээс бүрэн гарах тухай яригдаж эхэлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр ОХУ-ын албаныхан Сирийн зэвсэгт сөрөг хүчний төлөөлөгчидтэй холбоо тогтоосон бөгөөд тэд Сири дэх Оросын цэргийн баазууд болон дипломат байгууллагуудын аюулгүй байдлыг баталгаажуулжээ.
Үүнээс гадна ОХУ-ын цэргийн хүчин Украины дайнтай холботойгоор Сири дэх тоо бүрэлдэхүүнээ эрс багасгасан байв.
Одоогийн байдлаар Дамаскд зэвсэгт мөргөөлдөн байхгүй, буун дуу гарахгүй байна. Болж буй үйл явдалд баярлаж байгаа хүмүүс их байгаа аж. Төрийн эргэлт ямар ч байсан цус урсгалгүй явагджээ. Харин дээрэм, тонуул хүчирхийлэл их гарч байна.
Хамгийн сүүлд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден огцорсон Сирийн удирдагч Башар аль-Асад болон түүний тойрон хүрээлэгчдийг шүүхэд өгөх ёстой гэж мэдэгдлээ.