Эрчим хүчний реформын үндэсний хороо ирэх онд хэвлэл мэдээлэлд найман тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгаад буйг УИХ-ын гишүүн С.Цэнгүүн олон нийтэд уржигдар мэдээлсэн. Хэвлэлийн зардалд их хэмжээний мөнгө хуваарилсан нь, мөн энэ талаар түүнд болон хорооны бусад гишүүнд мэдэгдээгүй нь далд санаа зорилготой байж болзошгүй хэмээн тэрбээр үзсэн тул ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлээс болгоомжлон тус хорооноос гарахаар болсноо мэдэгдсэн юм. Түүнчлэн эл хороог татан буулгах шаардлагатайг ч иргэд хөндөж эхэлсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан Эрчим хүчний реформын үндэсний хорооноос өчигдөр мэдээлэл хийв.
Монгол Улсын Шадар сайд, Эрчим хүчний реформын үндэсний хорооны дарга Т.Доржханд “Бид зөвхөн эрчим хүчний дотоодын хэрэглээгээ хангах бус, экспортлогч орон болох зорилго тавин ажиллаж байна. Реформын ажлуудыг маш амжилттай эхлүүлсэн. 20 гаруй хоногийн өмнө болсон Шанхайн экспогийн үеэр Монгол, БНХАУ-ын Ерөнхий сайд нар яриа хэлэлцээ хийж, эрчим хүчний төслүүдэд хамтарч ажиллах ойлголцолд хүрсэн. Арабын орнуудад хийсэн Ерөнхий сайдын айлчлал ч маш амжилттай болж, ногоон эрчим хүчний үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт татах, тухайн бүс нутагтаа топ 10-т багтдаг “Aqua power” компанитай хамтарч ажиллахаар боллоо. Үндсэндээ Монгол Улс томоохон төслүүдээ урагшлуулах суурийг тавьсан. Зээлжих зэрэглэл өсөж, улс төр, эдийн засаг тогтворжсонтой холбоотойгоор хөрөнгө оруулагчид манай улсыг сонирхож байна. Үүнийг ашиглаад эрчим хүчний салбараа хөгжүүлж, уул уурхайтай өрсөлдөхүйц болгох итгэл үнэмшилтэйгээр хамтарсан Засгийн газар ажиллаж буй. 34 жилд хийж чадаагүй суурь асуудлыг 3-5 жилд шийдэхийг зорьж байна. Ямартай ч ирэх дөрвөн жилд эрчим хүчээ дотоодоосоо 100 хувь хангадаг болно.
Энэ салбарт реформ хийе, хөрөнгө оруулагч татъя гэвэл хэвлэл мэдээллээр дамжуулан иргэдэд үнэн бодит мэдээлэл хүргэх нь чухал. Үндэсний хороотой холбоотой зөрүүтэй, ташаа мэдээлэл их гарах боллоо. Энэ нь бидний цаашдын ажилд саад учруулах эрсдэлтэй. Хэвлэлээр мэдээлэл түгээхэд зориулж 500 саяас 1.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Төсөв хэлэлцэж эхлэхэд найман тэрбум төгрөг тусгуулах санал өгсөн нь үнэн. Үүний дараа олон ажил хийсэн, цахилгааны тарифыг шинэчилсэн, бодлогоо өөрчилсөн. УИХ-ын зарим гишүүнд энэ мэдээллийг хүргүүлээгүйгээс зөрүүтэй ойлголт үүссэн” гэв.
Н.МИШЭЭЛ