Эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөөх олон улсын сайн дурын ажилтны өдөр өчигдөр тохиов. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1985 оны шийдвэрээр эл өдрийг дэлхий нийтээр тэмдэглэдэг болжээ. Үүний хүрээнд Монголын сайн дурынхан “People power” уриан дор үндэсний чуулган зохион байгуулсан. Тус чуулганд төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын “Дэлхийн зөн”, “Улаан загалмай” нийгэмлэгийн 500 гаруй сайн дурынхан оролцлоо. Төлөөлөгчид үйл ажиллагааны хөгжил, хамтын түншлэлийг хөгжүүлэх боломж, тогтвортой хөгжилтэй уялдуулан олон талт, үр нөлөө бүхий төсөл, хөтөлбөрийн хамтын ажиллагааг шийдвэр гаргагч, олон нийтэд танилцуулав.
Үндэсний хэмжээнд энэ оны байдлаар 10 000 гаруй сайн дурынхан 5.6 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нийгэмд тустай ажил, үйлчилгээг үзүүлснийг чуулганы үеэр онцлов. Мөн оролцогчид “Сайн дурын үйл ажиллагаагаар дамжуулан тогтвортой ирээдүйг бий болгох нь”, “Ирээдүй рүү”, “Хүүхэд, залуучуудын сайн дурын үйл ажиллагааны хэрэгцээ”, “Сайн дурын үйл ажиллагааны инновац хөгжүүлэлт”, “Сайн дурын үйл ажиллагааны бодлогын нөлөөлөл”, “Сайн дурын үйл ажиллагаан дахь иргэний нийгмийн үүрэг, оролцоо”, “Залуучуудын манлайлал” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Тус арга хэмжээ “Best Volunteer award-2024” ёслолын үйл ажиллагаагаар үргэлжилж, сайн дурын шилдэг ажилтан, байгууллагыг шалгаруулсан юм.
О.ОРГИЛОХ