Он дөнгөж гаргаад ажилдаа орох Дональд Трамп Украин, Оросын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчөөрөө тэтгэвэрт гарсан генерал Кит Келлогийг томилов.
Кит Келлог нь 1944 онд Огайо мужийн Дейтон хотод чинээлэг айлд төрж армид зүтгэхээр шийдэн Калифорни мужийн Санта-Кларын их сургуульд сурч офицер болсон байна. Канзасын их сургуульд бас олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалжээ. Залуу офицер АНУ-ын армийн коллежид суралцав. Хүйтэн дайны үед олон улсын харилцааны мэргэжилтэй цэргийн алба хаагч ЗХУ-аас учруулж болох аюул, түүнд үзүүлэх хариу үйлдлийг сайн мэдэх ёстой байв.
Онолын мэдлэг, дадлаа практикт сорих боломж Келлогт олдож, Вьетнамын дайны үед Америкийн армийн агаарын десантын нэг дивизэд алба хааж, дараа нь Тусгай ажиллагааны хүчний офицер болж үргэлжлүүлэн суралцав. Тэгээд Камбожийн армид тусгай зориулалтын хүчний зөвлөхөөр ажиллажээ. Панам руу АНУ довтлоход бригад командалж, “Цөлийн шуурга” ажиллагаанд агаарын десантын дивизийн штабын даргаар оролцсон байна. Сүүлд нь Европ дахь тусгай ажиллагааны хүчний командлагчаар сонгогдож, Югославын дайнд оролцон, 1996 оноос Америкийн армийн хамгийн байлдах чадвартай гэгддэг 82 дугаар дивизийг удирдав. Тус дивиз нь Босни, Косовод ажиллагаанд оролцож, Казахстан, Узбекистанд болсон НАТО-гийн сургалтад хамрагджээ.
2001 оны есдүгээр сарын 1-ний алан хядах ажиллагааны үед Келлог Пентагонд ажиллаж байлаа. 2003 онд дэслэгч генерал цолтойдоо тэтгэвэрт гарсан ч алба ажлаа орхисонгүй. Саддам Хусейнийг үгүй хийснээс хойш Иракийн цэрэг, иргэний засаг захиргааны түр зохицуулагчаар ажиллаж байгаад хэсэг хугацаанд үндсэндээ тус улсын эрх баригч болж үзсэн байна. Тун удалгүй эх орондоо эргэж ирээд хувийн хэвшилд мэргэжлийн дагуу ажиллаж, “Oracle” корпорацын дотоод аюулгүй байдлын албанд нь зөвлөх хийв.
2016 оны хавар Ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трампын багийн гадаад бодлогын зөвлөх болсон байна. Трамп тангаргаа өргөсний дараа Келлогийг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд аппаратынхаа удирдагчаар томилжээ. Тухайн үед Цагаан ордны эргэн тойронд үүссэн элдэв хэл амыг үл хайхран Трампад үнэнч байж, түүнийг аврагч “шидэт саваа, гал унтраагч” багийн дарга нь байж, мэргэжлийн чадвараа харуулав. 2021 онд Капитоли руу дайрахад Дэд Ерөнхийлөгч асан Майк Пенсийн шийдвэрийг дэмжиж, түүнийг аюулгүй газар аваачихыг хичээсэн ч Пенс эндээс явахыг хүссэнгүй. Дайралт эхлэхэд Келлог Трамптай хамт Цагаан ордонд байсан болохоор Сенатад гол гэрч болов. Тэгээд 2021 оны арванхоёрдугаар сард тус хорооны хуралд оролцож мэдүүлэг өгч эмх замбараагүй байдлыг зогсоохын тулд даруй шийдвэртэй арга хэмжээ авахыг аппаратын ажилтнууд нь уриалсан ч Ерөнхийлөгч татгалзсан гэж мэдэгджээ. 2017 оны эхээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөс Майк Флиннийг дуулиан шуугиантай огцроход Келлог түүний халааг авч, Дэд Ерөнхийлөгч Майк Пенсийн зөвлөхөөр ажиллав. Украины Ерөнхийлөгч Зеленскийтэй утсаар ярихдаа удахгүй болох сонгуульд өөрийнх нь гол өрсөлдөгчийн хэл аманд өртөмтгий хүү Хантер Байденийг мөрдөн шалгах ажилд шахалт үзүүлэхийг түүнээс шаардсан хэргийн талаар Конгрессод сонсгол хийхэд Келлог Трампаа хамгаалахыг хичээж “тэдний ярианаас зүйд үл нийцэх ёс журамгүй үг сонсоогүй” хэмээн хэлсэн байдаг. Трамп үүнийг мартсангүй.
Оросыг Украин луу довтолсноос хойш Келлог Орост ч, Украинд ч нэг бус удаа очсон байна. 2023 оны эхээр Украинд хоёр долоо хоног байхдаа Одесс, Харьков зэрэг хэд хэдэн хотоор оржээ. Тухайн үед Украин тун хүнд байдалд, эрчим хүчний дэд бүтэц рүү нь Орос ширүүн довтолж, Келлог ч энэ үйл явдлын гэрч болжээ. Тэндээс буцаж ирээд Сенатын зэвсэгт хүчний хороонд үг хэлж, Украинд үзүүлж буй тусламжаа даруйхан нэмэгдүүлэхийг уриалав. Тэр үед Украинд тусламж үзүүлэх асуудлыг Трамп АНУ, Мексикийн хилийн байдалтай холбож үзэх талаар бодоогүй байсан учраас Келлогийн энэ мэдэгдэл БНН-ынхны хувьд яах аргагүй гол асуудал болоод явчихжээ. Трампыг Ерөнхийлөгч байхад Аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан Фред Флейц, Келлог хоёр Украин дахь дайны ажиллагааг зогсоох төлөвлөгөөгөө 2024 оны зургаадугаар сард Трампад танилцуулав. Киев, Москватай энхийн хэлэлцээр хийж эхэлсэн тохиолдолд л Украинд үзүүлэх цэргийн тусламжаа АНУ нэмэгдүүлж, фронтын одоогийн шугам дээр түшиглэн гал зогсоохоор уг төлөвлөгөөнд тусгасан байлаа. Орос хэлэлцээрийн ширээнд суухыг эс зөвшөөрвөл Украинд үзүүлэх дэмжлэгээ үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх, НАТО-д элсэхээ Украин тодорхой бус хугацаагаар татгалзаж, харин Европын Холбоонд даруй орох, Өрнөд зэвсгээр хангах замаар Украины аюулгүй байдлыг баталгаажуулахаар уг төлөвлөгөөнд тусгасан байв. Эзлэгдсэн газар нутгийг нь эргүүлж өгөхгүй, Украины хүлээсэн хохирлын төлөө наад зах нь Оросыг хариуцлагад татаагүй нөхцөлд Украины Засгийн газар, ард түмэн энхийн хэлэлцээр байгуулахыг зөвшөөрнө гэдэг ер юу л бол. Уг төлөвлөгөөг зохиогчид түүнийг эцэслэн боловсруулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байлаа.
2024 оны долоодугаар сард Кит Келлог “Америкийн дуу хоолой”-н сурвалжлагчийн асуултад хариулахдаа өөрийн байр суурийг тодорхойлж, энэ төлөвлөгөө Украиныг аргагүй байдалд оруулж, бууж өгөхөд хүргэхгүй гэж мэдэгдэж байсан юм. Газар нутгаасаа Орост өгөхийг хэн ч, хэзээ ч Украинд албадан шаардаж байгаагүй, бид ердөө л гарц хайж байна. Украин л гэхэд 100-130 мянган хүнээ алдаад, Орос үүнээс гурав дахин илүү хохирол үзлээ. Харьцуулбал, Вьетнамын дайнд АНУ 60 мянган хүнээ алдсан. Энэ чинь 20 жил үргэлжилсэн дайн шүү дээ. ЗХУ 15 мянган хүнээ алуулаад Афганистанаас явсан. Гэтэл одоо шархадсан, амиа алдсан 300 мянган хүний тухай бид ярьж байна. Америкт бид “тоормосоо гишгэх” нь зүйтэй гэж ярьж байгаа нь Украин бууж өгөх, бусдад эзлэгдсэн газар нутгаа буцааж авалгүйгээр орхихыг хэлж байгаа юм биш” хэмээн Генерал Кит Келлог хэлжээ.
Келлогийг Оросын учруулах аюулыг мэдэж, ойлгосон, түүний үйлдэж буй гэмт хэргийг нүдээрээ үзсэн хариуцлагатай, мэргэжлийн улс төрч гэж украинчууд үзэж буй нь зүй ёсны юм. Өрнөд, тэр дундаа Америк зэвсэг нийлүүлэхээ, шаардлагатай дэмжлэг үзүүлэхээ алгуурласнаас оросуудад довтолгоон хийх боломж олгосон. Тиймээс одоогийн (Байдены) засаг захиргаа, Өрнөд хэрэгтэй үед нь Украиныг дэмжээгүй хэмээн буруутгаж байна. Энэ бол Келлогийн байр суурь.
Тэрбээр АНУ-ын явуулж ирсэн бодлогыг судалж, шинжлээд Байден, Салливан нарын гаргасан алдааг олж харсан. Тэгээд түүний хийсэн дүгнэлт хайр найргүй хэрнээ үнэнд тун ойр. Трампын төлөө ажиллах нь миний хувьд онцгой завшаан, Америкийн ашиг сонирхлыг огоорон, хүчээр амар амгалан байдал тогтоохын төлөө цуцалтгүй ажиллахыг тэсэн ядан хүлээж байна. Үүний тулд үнэнчээр, бүхнээ дайчлахад би бэлэн. Кит ийм бодолтой аж.
Кит Келлог одоо хүч хэрэглэн энх амгаланг тогтоохыг амлаж, Путин “Орешник”-оо цөмийн хошуугаар цэнэглэнэ гэдэгт итгэхгүй. Хожуу ч гэсэн Оросын нутгийн гүнд цохилт өгөхөд тавьж байсан хязгаарлалтаа Байден цуцалсанд генерал талархаж буй аж.
АНУ-ын армийн офицер байсан, 1983 онд Гренада руу АНУ довтлоход цэргийн алба хааж явсан Пейжтэй 1980 онд Кит Келлог ханилан сууж, тэд одоо гурван хүүхэд, дөрвөн ачтай, Кит Вьетнамын дайнд оролцсон учир мөнгө, хүрэл медалиар шагнуулжэ