Цагдаагийн алба хаагчийн нэрийг барин, хувцсыг нь өмсөн иргэдийг айлган сүрдүүлж, залилж байсан эрийг хууль сахиулагчид саатуулан шалгаж эхэллээ. Иргэн О “Нэгэн хүн цагдаагийн ажилтнуудын нэрийг ашиглан залилаад байх шиг байна” гэсэн гомдол, мэдээлэл гаргасны дагуу шалгахад өмнө нь залилах болон өөр бусад гэмт хэрэг үйлдэж, удаа дараа ял шийтгүүлсэн У гэх эр ийм үйлдэл гаргаж байсан гэнэ. Тэрбээр хүнсний дэлгүүр, эмийн сан, баар, зочид буудал зэрэг үйлчилгээний байгууллагаар орж “Чанаргүй хүнсний бүтээгдэхүүн болон шаардлага хангаагүй эм зарж байгаа тухай танайхаар үйлчлүүлсэн иргэдээс гомдол гаргасан байна” хэмээн худалдаа эрхлэгч иргэд, үйлчлэгч нарыг хууран мэхэлж бэлнээр болон банкны данс ашиглан мөнгө авдаг байсныг хууль сахиулагчид тогтоосон аж. Уг этгээд нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас дээрх байдлаар 13 удаа мөнгө залилж авсан байж болзошгүйг урьдчилсан байдлаар тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.