Агаарын бохирдол хэрээс хэтэрч, Улаанбаатар утаагаараа дэлхийд тэргүүлэх болсонтой холбоотойгоор иргэдийн төлөөлөл өчигдөр төв талбайд тайван жагсаал зохион байгууллаа. “Лантуун дохио” төрийн бус байгууллага, “Ид шидийн орон” төвийг үүсгэн байгуулагч гэдгээр нь олон нийт сайн мэдэх Ч.Ганжавхлан уг жагсаалыг санаачилж, ганцаараа эхлүүлсэн юм. Тэрбээр “Онц байдал зарла” хэмээн бичсэн цаас барьсан байв. Түүнчлэн “30 хоногт ямар нэгэн шийдэл гарга. Бүх төсөв, төлөвлөгөөгөө тайлагна. Амьсгалмаар байна. Одоо болно” гэж эрх баригчид, хотын удирдлагаас шаардсан. Өчигдөр 16.00 цагийн байдлаар иргэд жагсаалд нэгдэхээр ирсээр байлаа.
“Төр засаг утааны эсрэг ямар ч бодитой үйлдэл хийхгүй байгаа нь гэмт хэрэг. Бид энэ нөхцөл байдлыг онцгой гэж хүлээн зөвшөөрч, онц байдал зарлах ёстой. Яг “ковид” шиг. Үнэнээ хүлээн зөвшөөрцгөө. Утааг бууруулах нэрээр идэж, уусан мөнгөний сонсгол хийе. Цаашид юу идэж, уух гэж байгаа төлөвлөгөөг сонсоцгооё. 30 хоногийн дотор бодитой өөрчлөлт хийхийг шаардацгаая” гэж олон нийтэд хандан уриалсан юм.
Мөн иргэн Б.Мөнгөнхишиг “Утааны сонсгол хийцгээе. Төсвийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийж, сайжруулцгаая” гэсэн нийтийн өргөдлийг petition.parliament.mn цахим хуудсанд байршуулж, иргэдийн саналыг цуглуулж байна. Өнгөрсөн сарын 27-нд эхлүүлсэн уг өргөдлийг өчигдрийн байдлаар 7000 орчим хүн л дэмжиж, гарын үсэг зуржээ. Агаарын бохирдол иргэдийн өдөр тутмын амьдралд заналхийлж байхад олон нийт төв талбайдаа гаран эсэргүүцэл илэрхийлэхгүй юм гэхэд ядаж цахим өргөдлийг дэмжихийг жагсаалд оролцогчид онцолсон. Жагсаалыг өнөөдөр 12.00 цагаас үргэлжлүүлэх юм байна.
М.ОЧ