Хэлсэн ярьснаасаа үргэлж булзан нялзаж байдаг, хуудуутай улс төрчдийн үйлдэл хэрээс хэтэрлээ. Иймд тэдний үгэнд хашир хянамгай хандаж, худал яриа, хоосон амлалт, дүр эсгэсэн анхаарал халамжаас нь татгалзаж, ам руу нь алгадъя. Үгүй бол тэд иргэд, олон нийт, сонгогчдыг дорд үзэж, төрийн албыг юу ч хийж, яаж ч авирлаж болдог үнэ хүндгүй газар мэт харагдуулж, тархи угаалтын “кампанит ажил”-ыг туйлд нь хүргэх нь. Энэ бүхний үр дүнд хамгийн их хохирох нь иргэд, олон нийт. Цаашлаад улсын ирээдүйн хөгжил, үндэсний эрх ашигт ч хэмжээлж баршгүй хор хохиролтой. Тиймээс улс төрчдийн үгэнд бүү итгэ гэж хичээнгүйлэн захья, онцгойлон хүсье. Бас хэрсүү, хянамгай байхыг шаардаж байна.
“Үг хэл, үзэл бодолд бүү итгэ, гагцхүү үйл хэрэгт нь л итгэ” гэсэн алдартай үг бий. Монголчууд үүнийг арай өөрөөр “Нүд үнэнч, чих худалч”, “Үнэн, худал хоёрын хооронд дөрвөн хуруу зай бий” гэхчлэн ойр зуураа хэлэлцдэг. Үг, үзэл бодолд худал хуурмаг нуугдаж болох ч үйлдэл чин үнэнийг өгүүлдэг. Хүн өөрийгөө хамгаалах, бусдад сайн сайхан харагдах, мэдрэмж төрүүлэх инстинктээрээ тодорхой нөхцөл байдалд үзэл бодол, зарчмынхаа эсрэг зүйл ярих тохиолдол амьдралд гардаг. Үүнийг хүний байгалийн зөн, зан төрхтэй холбож тайлбарласан судалгаа ч байдаг юм билээ. Харин олны танил хүмүүс, ялангуяа улс төрчид аргагүй байдал, гарцаагүй нөхцөлд гэхээсээ илүүтэй иргэдийг төөрөлдүүлэх, тархийг нь угаах, өрсөлдөгчөө унагаах, бусдад таалагдах, албан тушаал, сандал суудлаа хамгаалах, сонгогчдын саналыг авах тодорхой зорилго сэдэлтэйгээр, санаатайгаар худал ярих нь олон. “Ард түмэн бол цагаан цаас, түүн дээр юу ч бичиж болно”, “Улс төрд хэн илүү эрх мэдэлтэй нь биш, ятган үнэмшүүлэх чадвартай нь хол явдаг” гэх мэт үг байдаг нь ч учиртай. Өөрөөр хэлбэл, улс төрийн хүрээнд худал үг, хуурамч амлалт, дүр эсгэж баг зүүх нь харьцангуй түгээмэл үзэгдэл. Үүнийг иргэд, сонгогчид хэр мэддэг, хүлээж авдгаас шалтгаалаад үр нөлөө нь харилцан адилгүй. Улс төрчдийг давраах уу, тэдний ёс зүйгүй авирыг өөгшүүлэх үү гэдэг нь иргэдийн боловсрол, хандлагаас шалтгаалдаг гэсэн үг. Манайд бол сонгогчдын “дархлаа” муу, мэдээллийн боловсрол тэг учраас улс төрчид нь цээжний бангаар, ямар ч судалгаа, тооцоололгүй, аманд орсноо бурж, иргэдийг төөрөгдүүлэхдээ гарамгай, төгсөрсөн гэж хэлж болно. Үүнийхээ төлөө хариуцлага хүлээнэ гэж даанч үгүй. Яагаад гэвэл тэд хариуцлага хүлээхгүй байх тогтолцоог бүрдүүлчихсэн юм.
Бултан зайлагсад
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Чуулганд тогтмол, идэвхтэй ирдэг гишүүдийг урамшуулна” гэж хэлээд олон нийтийн шүүмжлэлд өртмөгцөө “Үүнийг хүмүүс мөнгөн урамшуулал гэж ойлгоод байна. Чуулганд тогтмол ирдэг гишүүдээ урагшаа суулгах боломжийг нээж өгнө. Оролцоог нь хангах замаар урамшуулъя гэж байгаа юм” хэмээн тайлбар тавьж, өөрийгөө хамгаалав. Үүнийг доог тохуу, доромжлол л гэнэ. Улс төрч, албан тушаалтнууд ямар нэгэн бодлого, шийдвэр гаргахдаа нийгмийн хандлага, сэтгэл зүйг тандах байдлаар мэдээлэл түгээгээд, тэр нь иргэдийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй нүүр тулмагц яг ингэж үгээ булзааруулдаг. Хамгийн сүүлийн жишээ нь энэ болохоос үүнтэй ижил тохиолдол өчнөөн.
Парламентын спикер анх ингэж хэлэхдээ гишүүдийн олбог суудлыг солих талаар хөндөөгүй нь лавтай. Өөрсдийгөө “эрхлүүлэх”, ая тухтай нөхцөл бүрдүүлэх талаар л бодож хэлсэн байх. Угаас Монголын улс төрчид, сайд, дарга нар диваажинд амьдрахыг эрмэлзэж, хууль тогтоох, бодлого, шийдвэр гаргах давуу эрхээ энэ зорилгоо гүйцэлдүүлэхэд цаг ямагт ашиглаж ирсэн. Гадаадад эмчлүүлэх зардлаа хүртэл татвар төлөгчдийн халааснаас гаргуулах хууль, эрх зүйн зохицуулалтыг чимээгүй хийчихсэн шүү дээ, тэд. Өөр ямар нэгэн урамшуулал тэдэнд хэрэгтэй болоод, түүнийг нь УИХ-ын дарга тойруугаар хэлсэн байж ч мэднэ. Чуулганы танхимын урд эгнээнд суух эрхээр шагналаа гээд гишүүдийн ирц, идэвх сайжирна гэж юу байх вэ. Энэ бол үгээр “тоглолт” хийж, чулуу хөөлгөсөн явдал. Харин үүний нарийн учир шалтгаан, цаад санааг олж харж, эргэлзэн тээнэгэлзэж хүлээж авсан хүн тийм ч олон биш болов уу. Энэ тохиолдолд УИХ-ын даргын зорилго ядах зүйлгүй биелчхэж байгаа юм.
Их мэдэгчид
Улс төрчдийн үгэнд итгэж болохгүй бас нэг шалтгаан нь тэд амьдралаас дэндүү хол тасархай. Тойрон хүрээлэгчид нь тэднийг вакуумжуулж, бодит байдлаас алсруулдаг. Тиймээс тооцоо, судалгаагүй, итгэхэд бэрх, гэнэн, тэнэг гэмээр зүйлсийг ярьдаг. Иргэдийн амьдралыг мэддэг, мэдэрдэг хүн болох гэж жүжиглээд ч, хичээгээд ч тусыг олдоггүй. “Түгжрэл”-ийн сайд асан Ж.Сүхбаатарын “Буяны цуваа түгжрэлд нөлөөлдөг. Хүмүүс оршуулгад явахдаа ламаас асуусан цагаа баримталдаг учир түгжрэлийн оргил үетэй давхацдаг”, одоогийн ЗГХЭГ-ын дарга Н.Учралын “НӨАТ-ын баримтаар амьдралаа залгуулдаг иргэн олон байдаг”, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “Хагас коксыг нийтээр нь хэрэглүүлж, том алдаа хийхээсээ өмнө Нисэх, Яармаг, Дархан-Уул аймгийнханд түлүүлж, туршилт хийнэ”, УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэгийн “Ойрын үед дулаахан байгаа хэрнээ утаа гараад ирж. Гэр хороололд гэлтгүй Зайсанд ч үнэртэж байна”, нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслийн удирдагчаар ажиллаж байсан Д.Ихбаярын “Сайжруулсан түлшний үнэ хямд учраас иргэд илүү их түлж, утаа гаргах боллоо”, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд асан Б.Болор-Эрдэнийн “Орост боловсрол эзэмшсэн хоцрогдсон ахмадууд, дунд шатныхан Засгийн газрын ажилд саад тотгор болж байна” гэх зэрэг “тренд” яриаг уншигчид мартаагүй. Энэ мэтчилэн бичвэл улс төрчдийн хийтэй яриа, хазгай буруу үгтэй холбоотой паян мундахгүй. Иймд тэдний мэдэмхий ярианд бид цензуртэй хандах учиртай.
Тархи угаагчид
Төрийн албан тушаалтнууд, сайд, дарга нар өөрсдөдөө ашигтай бодлого, шийдвэр гаргахдаа илт худал, иргэдийг төөрөгдүүлэх зорилготой мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээдэг. Үүндээ нийгмийн сүлжээний сувгуудыг ашигладаг. Хамгийн сүүлийн жишээ гэвэл ирэх оны төсөв болон агаарын бохирдолтой холбоотой, тархи угаалтын шинжтэй мэдээллүүд байна. Монгол Улсын 2025 оны улсын төсвийн төслийг анх 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай боловсруулж, баталсан нь олон нийтээс шүүмжлэл дагуулсан. Нийгмийн сүлжээнд олон дагагчтай нөлөө бүхий хүмүүс, зарим сэтгүүлч үүнтэй зэрэгцээд “Алдагдалтай төсөв батлах нь тийм ч муу зүйл биш. Мега төслүүд хэрэгжүүлэх амбицтай байгаа бол төсөв санхүүжилтээ гар таталгүй хуваарилах нь зүйтэй”, “Дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг урагшлуулахын тулд золиос гаргахаас аргагүй” гэхчлэн дуу дуугаа авалцан бичиж эхэлсэн юм. Ойрын өдрүүдэд агаарын бохирдлын асуудал босож ирмэгц яг л ийм эерүүллийн шинжтэй мэдээллүүдийг түгээх болов. Мөн Говийн их дархан цаазат газрын А хэсэгт боомт сэргээн байгуулах шийдвэртэй холбоотой асуудал нийгмийн анхаарлын төвд орж, сенсац дагуулж эхэлмэгц бүс нутгийн, боомтын хөгжил ярьсан хүн олноор гарч ирлээ. Энэ бүхний цаана яаж ийгээд ч хамаагүй санасан зорьсноо гүйцэлдүүлэх, олны санаа бодлыг өөрийн зүгт харуулах гэсэн улс төрчид л бий. Тэд ингэж л ажилласаар ирсэн билээ.
Өрсөлдөгчөө “намнагчид”
УИХ-ын болон орон нутгийн сонгууль дөхмөгц, мөн томилгоо, халаа сэлгээ хийх үед улс төрчид худал, хуурамч мэдээллийг өрсөлдөгчөө харлуулах, буулгаж авах зэвсэг болгож ашигладаг. Үүнд нь нийгмийн сүлжээ томоохон “дэмжлэг” үзүүлдэг юм. Мөн дургүйг нь хүргэсэн, өөрийнх нь эсрэг дуугарсан хүмүүсийг ч ийм аргаар дөнгөдөг нь нууц биш. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нар хамгийн сүүлд үүний хохирогч болсон байж болзошгүй. Ирэх оны төсвийн төсөлд хямгийн няхуур, хариуцлагатай, шүүмжлэлтэй хандсан цөөн гишүүний нэг нь Ж.Баярмаа. Тэрбээр энэ асуудлаар сайд, дарга нараас ам асууж, Сангийн сайдтай хүртэл “муудалцаад” авсан. Гэтэл саяхан түүнийг болон Б.Мөнхсоёл гишүүнийг бэлгийн замын халдварт өвчин тусаж, хувийн эмнэлэгт эмчлүүлж байсан тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд тархав. “Интермед” эмнэлгийн цахим систем халдлагад өртөж, өвчтөнүүдийнх нь хувийн мэдээлэл алдагдсан дүйвээнийг ашиглан хэн нэгэн тэднийг “намнах”-аар санаархав бололтой. Ганц хүн рүү чиглэсэн мэдээлэл түгээвэл санаатай үйлдэл гэж хардах учраас ХҮН намын Б.Мөнхсоёлыг хавчуулсан байх магадлалтай. Яагаад заавал Ж.Баярмаа гэж, ямар цаг үед ийм мэдээлэл тархав гээд судлахаар энэ нь санамсаргүй хэрэг, гэнэтийн давхцал хэрхэвч биш байв. Улс төрчид хэзээнээсээ ингэж “зодолдож” ирснийг бид мэднэ.
Байр сууриа хамгаалагчид
Улс төрч, эрх мэдэлтнүүд барьцгүй аашилж, барим тавим зүйл ярьдаг гол шалтгаан нь ердөө л байр сууриа хамгаалах. Өөрөөр хэлбэл, сонгогчдод таалагдах зүйл ярьж, тэдний итгэлийг олж авах, эрх мэдэл, албан тушаалаа хамгаалж үлдэх нь л хамгийн чухал. Иргэд, сонгогчид гэнэн, итгэмтгий, мэдээллийн боловсролгүй байх нь тэдэнд ашигтай. Өмнөд Солонгос, Япон зэрэг сонгогчдын боловсрол өндөр оронд улс төрчид ингэж дураараа аяглах нь ховор. Иргэдийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх ажлуудыг ч сайн хийдэг. Харин манайд энэ ажлыг орхигдуулдаг, санаатайгаар цалгардуулдаг.
Яг одоо бид төр засгаас, аль нэг байгууллагаас энэ чиглэлээр үр дүнтэй ажлууд хийхийг, улс төрчид хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээдэг эрүүл тогтолцоо бүрдэхийг хүлээж суух бус, харин үүнийг бий болгох алхмыг өөрөөсөө эхлүүлэх нь зүйтэй. Хамгийн энгийн бөгөөд эхний алхам нь аливаа мэдээлэлд цензуртэй хандах, эргэлзэж сурах юм. Улс төрчдийн үг ярианд хянамгай хандах нь мэдээлэлд суурилсан эрүүл хандлагыг нутагшуулж, хариуцлагатай сонголт хийхэд чухал нөлөөтэй. Цаашлаад улс төрчдөд хариуцлага тооцох боломжийг бүрдүүлнэ, төрийн бодлогыг сайжруулна, худал ташаа мэдээллийн тархалтыг хязгаарлана, нийгэмд итгэлцэл бий болгоно.