Манай сонины гэрэл зурагчин Э.Харцага Спортын сэтгүүлчдийн холбооны энэ оны шилдгээр шалгарлаа. Монголын спортын 15 холбооны нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр авсан гэрэл зургуудаараа тэрбээр ийнхүү үнэлэгджээ. Спортын сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлөөс түүнийг “Салбартаа олон жил хичээнгүйлэн зүтгэсэн” хэмээн тодотгосон юм. Уг холбоо нь 80 гаруй гишүүнтэй бөгөөд жил бүр шилдгээ шалгаруулдаг аж. Шилдгээр шалгарсан тохиолдолд Монголын үндэсний олимпын хорооноос зохион байгуулдаг “Бөртэ чоно” наадмын спортын шилдэг сэтгүүлч төрөлд өрсөлдөх эрхтэй болдог.
Спортын гэрэл зурагчин Э.Харцага нь хоёр олимп, Азийн дөрвөн наадам, дэлхийн оюутны спортын XXXI универсиадыг сурвалжилж байсан билээ. Мөн эх орондоо болсон спортын олон төрлийн үйл ажиллагаанд гэрэл зурагчнаар оролцож байсан туршлагатай. Тэрбээр “Өнөөдөр” сонинд гэрэл зурагчнаар 24 дэх жилдээ ажиллаж буй, спортын чиглэлээр мэргэшсэн уран бүтээлч юм.
А.ҮҮЛЭЭ