Цагдаагийн байгууллага өнгөрсөн сарын 13-наас эхлэн “Зэвсэг-2024” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж буй юм. Галт зэвсгийн тухай хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар батлагдсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”-д заасны дагуу нэг сарын хугацаанд эл тооллогыг явуулна. Үүний гол зорилго нь галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсэлтэй холбоотой хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангах, бүртгэлгүй буу, сум хэрэгслийг бүртгэж, гэрчилгээжүүлэх. Өдгөө галт зэвсгийн тооллого улсын хэмжээнд 74 хувьтай явагдаж буй аж.
Тооллогын хугацаа дуусахад цөөхөн хоног үлдсэнийг цагдаагийн байгууллагаас сануулаад галт зэвсэг эзэмшигч иргэдийг идэвхтэй хамрагдаж, харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бүртгүүлэн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг анхаарууллаа. Тогтоосон хугацаанд тооллогод хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.6-11-ийн “Галт зэвсэг авч явах, эсхүл тээвэрлэх журам зөрчсөн, эсхүл хуульд заасан хугацаанд галт зэвсгийн тооллогод хамрагдаагүй бол хүнийг 40, хуулийн этгээдийг 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтын дагуу хариуцлага тооцох юм.